2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо.
Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.
Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцож протоколд гарын үсэг зурлаа.
Талууд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсныг сайшааж, түүний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан судалгааны баг байгуулах саналыг 2017 оны эхний улиралд шийдвэрлэхэд ОХУ-ын тал дэмжихээр болов.
Хилийн Алтанбулаг-Хиагтын олон улсын автотээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг хоёр улсын гаалийн байгууллага ойрын хугацаанд байгуулахаар тохиров.
2017 онд Монгол банк, ОХУ-ын Төв банк хамтран Монгол, Оросын зээл олгогч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулна. Мөн “УБТЗ” ХНН-ийн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, дэд бүтцийг нь сайжруулах, хүний нөөцийг бэлдэх зорилгоор ОХУ-ын Тээврийн яамны харъяа их, дээд сургуулиудад жилд 70 хүртэлх монгол иргэнийг Оросын талын зардлаар сургахаар болов.
“Төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг эцэслэн тохирч ирэх оны эхний улиралд байгуулахаар тохиролцсон байна.
ОХУ-ын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтарсан компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийллээ. “Росгеологи” фондын архивт хадгалж буй 1960-1990 онуудад Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх асуудлыг 2017 оны 4 дүгээр сар гэхэд шийдвэрлэх, нууцын зэрэглэлд буй тайлангуудыг өгөх боломжуудыг судалж үзэхэд бэлэн байгаагаа ОХУ-ын тал илэрхийллээ.
Талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дах үе шатыг хэрэгжүүлэхээр тохиров. Мөн ХАА-н бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болов.
Ойг түймрээс хамгаалах асуудлаар Монгол, Оросын хамтарсан зөвлөлдөх уулзалтыг жил бүр хийж байхаар тохиров. Мөн ОХУ 2017 оныг “Экологийн жил”, “Дархан цаазтай онцгой газар нутгийн жил” болгон зарлаж буйтай холбогдуулан хоёр орны хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар тохиролцлоо.
Хамтран кино бүтээх кино найруулагчдын уулзалт хийх, театрын урлагийн олон улсын наадамд жүжигчдээ харилцан оролцуулах, кино өдрүүдийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болов. Талууд аялал жуучлалын үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах, хоёр улсын бүс нутгийн хооронд хилийн аялал жуучлалын солилцоог хөхүүлэн дэмжихээ илэрхийллээ.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан 2017 оны хоёрдугаар хагаст ОХУ-д болох юм.