Ардчилсан намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд УИХ-ын гишүүн Лу.Болд нарын 6 хүн нэрээ дэвшүүлэхээр болоод байсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Лу.Болдыг хэзээ бүртгүүлж, албан ёсоор нэрээ дэвшүүлэх гэж байгааг тодруулахад:
Тэрбээр “Би даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна, ер нь ч нэрээ дэвшүүлэхгүй гэж бодож байгаа. Сая болсон намын их хурлаас гаргасан шийдвэрүүд хэрэгжихгүй, сунгааг зохион байгуулах тухай чиглэл их өөрчлөгдсөн байна.
Наад зах нь бодлого, хөтөлбөрөөрөө биш мөнгөөр өрсөлдөх шалгуурыг хамгийн эхэнд тавьжээ. Ер нь намын их хурлын ололттой шийдвэрүүдийг хүчингүй болгож үр дүнгүй ажил болгон хувиргаж байгаа байдлаас харахад одоо манай намын толгойд байгаа нөхөд сунгааг шударгаар явуулах биш ямар нэг аргаар луйвар хийж байр сууриа хадгалж үлдэх хүсэлтэй байх шиг байна. Тиймээс би нэрээ дэвшүүлж тэдний эсрэг шинэчлэлийн төлөө гэсэн хүмүүсийн хүчийг тарамдуулахын оронд зөв хүнийг нь дэмжиж ажиллая гэж бодож байгаа. Учир нь одоо бол амбицаа дарах ёстой хариуцлагатай цаг үе.
Бас энэ сунгааг хор найруулсан мөнгөний сунгаа болгохгүйн төлөө би ажиллана. Миний хувьд бол дарга, цэрэг байхаас үл хамааран ардчиллын төлөө, Ардилсан намын төлөө тэмцсээр байх болно. Одоогоор хэн хэн албан ёсоор нэр дэвшсэнийг ч мэдэхгүй байна. Ер нь бидний хэсэг үзэл бодол нийлсэн нөхөд Монгол ардчиллын нэгдэл буюу “МоАН санаачилга” гэж ТББ байгуулан ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, ардчиллын төлөө улс төрийн хүчнүүд, тэр дундаа Ардчилсан намыг шинэчилж өөрчлөхийн төлөө нийгэмд хандсан олон ажил хийж байгааг та бүхэн мэдэх байх. Тиймээс МоАН дээрээ хэлэлцэж ярилцаад үзэл бодол, мөрийн хөтөлбөр, намыг шинэчлэх чадвар зэргийг нь харгалзан хэнийг дэмжихээ шийднэ. Маш хүнд нөхцөлд 6 дугаар их хурал болсон.
Намыг бүх шатны сонгуульд ялагдуулчихаад олон сараар барьцаалаад байгаа хуучинсаг хүчнүүд энэ их хурлыг ч үр дүнгүй ёслол болгоод тараах, ҮЗХ шиг барьцаанд авах бүх оролдлогыг хийсэн. Гэвч их хурлын төлөөлөгчид маань энэ явуулгад автаагүй төдийгүй тэдний мэхийг дагуулж тонгорч чадсан. Үр дүнд нь байгуулсан засгаа огцруулах зэргээр намынхаа эсрэг ажилласан хүмүүст улс төрийн хариуцлага тооцох, бүртгэлээ шинэчилж цахим нам болох, дарга удирдлагуудыг бүх гишүүдээсээ сонгож дотоод ардчиллаа сайжруулах гэх мэт олон чухал асуудал дээр бид санал нэгдсэн.
Энэ утгаараа түүхэн үүргээ гүйцэтгэсэн хурал боллоо гэж хэлж болно. Ардчилсан намын хамт олон амь нэгтэй, шинэчлэлийн төлөө байгаа нь бүх шийдвэрээ 90-ээс дээш хувийн саналаар гаргаж байгаагаас харагдсан. Яаж ч хайрцаглах гэж оролдсон манай жирийн гишүүд дунд хуваагдал байхгүй юм билээ. Харамсалтай нь одоо Их хурлын гаргасан зарим шийдвэрийг нь орондоо засч, буруугаар хэрэгжүүлээд эхэлсэн байгааг олон мянган гишүүд маань харж л байгаа л даа. Их хурлын тэргүүлэгчээр ажилласан хүний хувьд би намын их хурлын шийдвэрүүдийг баталгаажуулж гарын үсэг зурах ёстой. Гэтэл тэдгээр шийдвэрүүд шал өөр болчихсон яваа тохиолдол олон байна. Хамгийн эхний жишээ бол намын даргын сунгаанд ямар нэг урьдчилсан шалгуур тавихгүй, хэн ч нэрээ дэвшүүлээд өрсөлдөх эрхийг нээе гэж их хурлын төлөөлөгчид шийдсэн.
Харин одоо байж болох хамгийн муу буюу мөнгөний шалгуур тавьчихаад сууж байна. Бас сунгааг зохион байгуулах сонгуулийн ажлын хэсгийг аймаг, дүүрэг бүрийн намын хорооноос албан ёсоор санал болгосон хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар шийдсэн байтал өөрсдийнхөө хэдэн хүний нэрийг шууд зоочихож. Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой ард түмний саналыг хамгаалж АН ялсан сум, дүүргийн удирдлагыг томилуулах чиглэлээр ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч бас дураараа сольсон байх жишээтэй. Эдгээр нь намын дотоод сонгууль буюу сунгааг хулгайлахын төлөө л эрээ цээргүй аашилж байна гэж үзэхэд хүргэж байгаа юм. Уг нь ийм хүмүүсээс салж улс төрийн хариуцлага тооцохын төлөө л 1210 төлөөлөгч нэгэн дуугаар саналаа өгч дүрэмдээ өөрчлөлт оруулсан гэдгийг тэр хүмүүс ойлгохгүй байх шиг байна” гэсэн юм.