Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ өдрийн үдээс хойш Кувейт Улсын Үндэсний Ассамблейн (парламент) дарга Марзук Али Аль-Ганимтай уулзлаа.
Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим Кувейтийн Үндэсний Ассамблей, тус Ассамблейн гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тавтай морилохыг хүсэв.
“Монгол Улс хүнд хэцүү цагт ямагт бидэнтэй хамт байсан. Иракийн дайны үеэр хамгийн түрүүн Кувейт улсын тусгаар тогтнолыг дэмжиж, Иракийн эзлэн түрэмгийллийг буруушааж байсан улс орны нэг нь Монгол. Бид үүнийг үеийн үед санаж, Монгол Улсад хүндэтгэлтэй хандсаар байх болно. Түүнчлэн манай Эрхэм дээд Эмирийн хамгийн дуртай улс орны нэг нь Монгол гэдгийг тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй. Тэгэхээр Монгол Улс бол Кувейтийн Засгийн газар, ард түмэнд хамгийн ойр дотно улсуудын нэг билээ. Цаашид манай хууль тогтоох дээд байгууллага Үндэсний ассамблей, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна” хэмээн уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.
УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээж авсанд нь Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганимд талархал илэрхийлээд 11 дүгээр сарын 26-нд болсон сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, парламентын даргаар дахин сонгогдсонд нь баяр хүргэж, Кувейтийн хууль тогтоох дээд байгууллагад амжилт хүсэв.
Тэрбээр “Хууль тогтоох байгууллагуудын харилцаа амжилттай хөгжих нь тухайн улс орнуудын Засгийн газар хоорондын болон эдийн засаг, хөрөнгө оруулалт, бусад салбарын хамтын ажиллагаа хөгжихөд чухал үүрэгтэй юм. Парламент хоорондын харилцааг өргөжүүлэхэд парламентын удирдлагууд болон гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал. Таныг Монгол Улсад тааламжтай үедээ айлчлан очихыг урьж байна” гэлээ.
-Сүүлийн 20 гаруй жилд манай хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ойрхи Дорнодын улсуудаас Монголтой хамгийн ойр дөт, үр ашигтай хамтран ажиллаж байгаа улс бол Кувейт. XXI зууны эхээр эхэлсэн “Мянганы зам” төслийн үйл ажиллагаанд Кувейтийн Засгийн газар идэвхтэй оролцож, 500 шахам км замыг барьж байгуулсан. Баруун бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр болох Тайширын УЦС-ыг байгуулахад Кувейтийн сангийн санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсэн. Эрхэм дээд Эмирийн санаачилгаар Кувейтийн судалгааны төв Улаанбаатар хотод байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. Байгаль цаг агаарын хүндрэл тохиолдсон үед кувейтчүүд Монголын ард түмэнд тусалсан. Энэ бүгдэд Монголын ард түмэн талархдаг бөгөөд манай хоёр орны хамтын ажиллагааны сайхан жишээ болж үлдсэн юм.
Харилцаагаа цаашид улам өргөжүүлэхийн тулд 2017 онд хоёр талын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх талаар манай талаас санал тавьсан байгаа. Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танай Засгийн газрын тэргүүнд хандаж, Монголын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг гэтлэн давахад тусламж дэмжлэг үзүүлнэ үү хэмээсэн албан захидал ирүүлснийг Та анхааралдаа авч, дэмжиж өгөхийг хүсэж байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэлэв.
Эрхэмсэг ноён Марзук Али Аль-Ганим “Үндэсний Ассамблей Таны болон танай Засгийн газрын хүсэлтэд анхааралтай хандах болно. Эрхэм дээд Эмир Монгол Улстай харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгөх ёстой гэж үздэг учраас нааштай шийдвэр гарах нь тодорхой” гэж онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, мөргөлдөөн сөргөлдөөнийг намжаах, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.
ТОДРУУЛГА: Кувейт улс ардчилсан, хаант засаглалтай орон. Улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний ассамблей. 50 гишүүнтэй. Бүх нийтийн, эрх тэгш, нууц санал хураалтаар 4 жилийн хугацаатай сонгогддог. Үндсэн хуулийнхаа дагуу Засгийн газрын гишүүдийн тоо Үндэсний ассамблейн гишүүдийн 1/3-ээс хэтрэх ёсгүй. Үндэсний ассамблейгаас баталсан хуульд Эмир гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог. Эмир Үндэсний ассамблейг тарааж, 2 сарын дотор нөхөн сонгууль явуулах эрхтэй хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Эль-Кувейт хотоос мэдээлэв.