УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан юм.
Хууль зүйн байнгын хорооны тогтолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан саналыг судалж нягтлан хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэснийг өчигдөр үдээс хойш хуралдсан Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Мөн УИХ-ын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан, Ө.Энхтүвшин нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авлаа. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.