Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны хамтарч хуралдлаа
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.30 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёр дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ Б.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүн “Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь компаниудын өрийг хаах гэж байгаа юм уу” гэдгийг тодруулж байсан бол УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир “Хөгжлийн банк Эдийн засгийн байнгын хороонд ямар компани хэдэн төгрөгийн зээл аваад, яг хэдийг төлж байгаа, найдваргүй зээлдэгч нь хэд байгааг урьдчилсан байдлаар танилцуулсан дүгнэлт гаргах хэрэгтэй” гэсэн саналыг хэлж байлаа.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг компанидын өр авлагыг хаах гэж байна гэж ойлгож болохгүй” гэдгийг онцгойлон анхааруулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ тэр асуудлыг судалж шалгаж байгаа. Шинэ оноос өмнө дүгнэлтээ гаргаж танилцуулна” гэж байв.
Үүний дараа Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/ Ж.Эрдэнэбат/-д даалгасугай гэсэн” УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Жавхлан нарын саналыг гишүүдийн 72.5 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн “Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Ингээд байнгын хороодын анхны хэлэлцүүлэг хийсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.