УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр АН-ын бүлэг завсарлага авсан.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 22-нд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан. Мөн “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч тус бүлгээс ирэх 7 хоног хүртэл хойшлуулсан юм.
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдээлэлдээ манай улсад тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар нь байдаг эсэх, тус улсад оршин сууж буй монгол иргэдийн тоо, худалдааны эргэлтийн түвшин гэх зэрэг хүчин зүйлсийг харгалзан, Индонези, Бразиль дахь ЭСЯ-ыг, БНХАУ-ын Хайлаар, Япон Улсын Осака дахь Ерөнхий консулын газрыг татан буулгахаар болсон гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг