УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагын тооцоог энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр эцэслэх тухай асуудал дээр хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг шалгаж байгаа. Дүгнэлт нь удахгүй гарах байх. Ер нь бол Хөгжлийн банкныхан хэн хэдий хэмжээний зээл авсан, хэн нь хэдэн удаа зээлээ хойшлуулсан, хэн нь хүүгээ төлөөд явж байгаа гэдгийг нарийвчлан гаргасан байна билээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Одоо ярьж байгаа асуудал бол хувийн хэвшлийнхний өглөг авлагыг хаах тухай асуудал биш юм. Хууль бусаар олгосон зээл байвал хууль хяналтын байгууллагуудаар шийдүүлэх хэрэгтэй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, “Үүссэн өр авлагыг хаана гэхээр хувийн хэвшлийнхний өр зээлийг хаах гэж байна гэж иргэд ойлгоод байна. Иймд энэ асуудал дээр тодорхой тайлбар өгөөч” гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон байдаг. Үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөв, Хөгжлийн банк хоорондын тооцооны асуудал энд хөндөгдөж байгаа юм. Түүнээс хувийн хэвшлийнхний авсан зээлийг хаах гээүй. Төсөл болгон дээр шинжилгээ хийгээд эргэж төлүүлнэ гэдгээ мэдэгдье” гэв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, “Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 54 хувийг төр авсан. Хувийн хэвшлийнхэний авсан бүтээн байгуулалтын зээл бол бага хувийг эзэлдэг. Манай компани 22,3 тэрбум төгрөгийн зээлийг нэг өдөр хоцроолгүй төлсөн. Эрсдэлийн сан байгуулж авсан цөөхөн хэдэн зээлийн нэг нь энэ юм. Хөгжлийн банкны 200 хуудас дүгнэлттэй манай намынхан танилцаж амжаагүй. АН-ынханд ямар дүгнэлт гаргаж өгснөө ажлын хэсгийнхэн тайлбарлаач” хэмээн лавлахад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Монполимет” компанийн авсан зээл нь сайн төлөлттэй 4 зээлийн нэг юм” гэсэн тайлбарыг хийлээ.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг