Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэцэн шийдвэрлэсэн байна. Үүнд,
– УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачлан боловсруулсан төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 55 насны ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
– Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
– Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн хуралдааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд төрийн захиргааны төв байгууллагуудаас санал, зөвшөөрөл авах, хэлэлцүүлэх, шийдвэр гаргах зэргийг журамд тусгасан байна. Холбогдох хууль, журамд хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хувилбартай боловсруулах бөгөөд эрх бүхий этгээд аль нэгийг нь сонгож баталж байхаар заасан юм.
– Бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчих хугацааг 30 хоног болгох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төслийг дэмжив.
– Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
– Өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ө.Энхтөрийг томиллоо.