Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд сайтар шалгаж, хянамгай хандах ёстой

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж буйгаар хяналт шалгалтыг сайтар хийх, гарч буй зөрчил дутагдлуудыг арилгуулахад хугацаа шаарлагатай тул хурлаас Улсын комиссын ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. Харин хэдий хугацаагаар сунгахыг ажлын хэсгүүдээс санал авч тогтоох юм байна.
Хуралдааны төгсгөлд Улсын комиссын дарга Б.Цогтгэрэл комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүс цаг нарийн баримтлахыг хатуу анхаарууллаа. Тэрээр “Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүмүүс хоцрох, ирэхгүй байх тохиолдол гарч байна. 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд комиссын гишүүд маш хянамгай, чин шударга ажиллаж, сайтар шалгах ёстой. Комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Цаг бага үлдсэн тул хариуцлагатай ажиллах шаардлагатай” хэмээн анхааруулсан юм.
Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс комисс ажиллах хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бөгөөд комиссын гишүүдийн цаг бүртгэлийг хөтөлж ажиллахыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогд үүрэг болголоо.
ЗТХ-ийн сайдын тушаалаар БХБЯ, АМГТГ, МХЕГ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагын 27 хүнийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нэмж ажиллуулж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …