УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон Олон улсын гэрээний тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Бүлгийн хурлын талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ажлын хэсэг ирээгүй байна. Өнөөдөр ч мөн ирсэнгүй. Тиймээс Ерөнхий сайдад ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр мэдээлэл хийх шаардлага хүргээлэх болсныг мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчид зөвхөн УИХ-д суудалтай улс төрийн хүчин намын гишүүнээ нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан өөртөө ашигтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг найруулсан гэсэн хардлага бий. Хууль санаачлагчдаас “Та бүхэн өөрсдөө Ерөнхийлөгчид нэр дэвших үү” гэж асуухад хэн нь ч хариулаагүй. Хэрэв тэд Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байсан бол хариулах байсан. Тиймээс эрх ашгийн зөрчилтэй хүмүүс найруулсан гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ долоо хоногт бүх намууддын төлөөллийг оролцуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай эсэхийг хэлэлцэх болно.
Бүлгийн хурлаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан. Уг хуулиар олон улсын гэрээг УИХ-аар батлахаар заасан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгохоор зорьж байгаа нь Засгийн газар дангаараа томоохон ордуудын асуудлыг шийдвэрлэдэг болох зорилго агуулж байна гэсэн хардлага төрүүлж байна” гэлээ.
montsame.mn