Дэлхийн тэрбумтан Жек Магийн амжилтад хүрсэн түүх их сонирхолтой бас хүнд урам өгөхөөр. Уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хүн ямар шагнал авч болдгийг энэ хүний амьдралаас харж болно. Жек Магийн тухай олон ном бий. Тэдгээрээс өнгөрсөн жил хэвлэсэн Данкан Кларкын номыг орчуулагч Э.Саруул монгол хэлнээ хөрвүүлжээ. АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуульд магистрын зэргээ хамгаалаад ирсэн түүнтэй “Жек Магийн бүтээсэн Алибаба” номын талаар ярилцлаа.
-Сонирхолтой амьдралын түүхтэй хүний тухай номыг барьж авч, монгол хэлнээ хөрвүүлжээ. Номоо хэдий хугацаанд орчуулсан бэ?
-Энэ номыг 2015 оны дөрөвдүгээр сард хэвлэсэн. Зохиогч нь Данкан Кларк. Би зургаадугаар сард орчуулах эрхийг авсан. Номыг анх гурван сарын хугацаанд орчуулна гэж төлөвлөсөн ч 4-5 сар болсон. Би саяхан Америкт мастераа хамгаалаад ирлээ. Сургуулиа төгсөх гээд ачаалалтай явахад энэ ном дэлгүүрүүдээр гарсан. Шилэн хоргонд байгаа номыг хараад авч уншихад надад их сонирхолтой санагдсан юм. Тэгээд л орчуулахаар шийдсэн. Номын зохиогч Данкан Кларкын тухайд энэ хүн 1994 оноос хойш Хятадад амьдарсан. Алибаба-гийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жек Матай танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байсан хүн. Тухайн үед Жек түүнд Алибаба-гийн 100000 гаруй хувьцааны нэгж бүрийг 30 центээр авах боломжийг өгсөн байдаг. Харамсалтай нь, номын зохиолч энэ саналыг хүлээж авалгүй 30 сая ам.долларын алдаа хийсэн. Учир нь, Алибаба 2014 онд IPO гаргасан юм.
-Орчуулгын эрхийг авахад тодорхой төлбөр төлсөн байх?
-Оюуны өмч учраас төлбөр төлсөн. Хэд гэдгийг нь тодорхой хэлэх боломжгүй. Энэ номыг одоогоор таван хэлээр орчуулаад байгаа.
-Номыг уншсан хүн эндээс ямар зүйлийг мэдэж, оюунаа баяжуулах бол?
-Хятад бол маш том зах зээл. Тиймээс энэ номыг уншсанаар Хятадын мэдээлэл технологи, интернэт компани болон гарааны бизнесийн талаар өргөн ойлголттой болно. Жек Ма маш сайн уран илтгэгч. Тиймээс Жек Магийн дараа үг хэлэх нь алдаа гэж үздэг. Арван хэдэн жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибабаг байгуулснаар өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болон цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болсон. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум ам.долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Жек Ма Харвардад сурах гэж 10 удаа хүсэлт илгээсэн ч бүтээгүй. Гэхдээ одоо тэр Харвардад лекц уншиж байна. Энэ хүн гойд онцгой авьяастай хүн байгаагүй. Хөдөлмөрч, мөрөөдөлдөө итгэдэг учраас л дэлхийн тэрбум болж чадсан. Тиймээс зорилгоо биелүүлэхийн төлөө хэрхэн хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж болдгийг мэдэх боломжтой.
-Жек Ма өнгөрсөн зун Монголд ирсэн. Тэр үеэр та уулзсан уу?
-Тэр үед би өөртэй нь уулзаж, номынх нь талаар асуусан. Тухайн үед асуулт тавьсан хүмүүсээс ганцаараа эмэгтэй байсан учир шинэ соргогоор хүлээн авч байсан. Учир нь, Жек Ма эмэгтэй хүн асуулт асуусанд баяртай байгаагаа хэлсэн. Тэгээд эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд чухал гэдгийг онцолж байлаа. Үнэхээр ч энэ номд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өгүүлдэг. Мэдээлэл технологийн компаниудад эмэгтэй ажилчдын тоо цөөн байдаг. Гэтэл Алибаба-гийн нийт ажилчдын 48 хувь нь эмэгтэйчүүд. Компанийг үүсгэн байгуулсан 18 хүн байдгийн зургаа нь эмэгтэй байдаг.
-Энэ номыг хаанаас авч унших боломжтой вэ?
-Ном 25000 төгрөгийн үнэтэй. “Интер”, “Мир”, “Аз хур” номын дэлгүүрээр худалдаалж байна.
Б.Сэлэнгэ