Намын даргаа сонгох гээд дотооддоо түмэн бужигнаантай байгаа АН-ынхны тэнэглэл дуусахгүй нь. Намын гишүүний бүртгэлтэй хэсэг нь хэн, хэдийг өгөх нь, хэрхэн яаж сонголт хийх вэ хэмээн тэнгэр харан суугаа энэ үед АН-ыг төлөөлөн төр түшилцэж явсан эрхмүүд олон нийтийн сүлжээгээр цэцэрхэж сууна. Харин сэтэргүй ноёдын тэнэглэл дуусахгүй нь бололтой. Тухайлбал, нэгэн цагт монгол төрийн түшээгээр ажиллаж явсан УИХ-ын гишүүн, ССАЖын сайд асан Ц.Оюунгэрэлийн жиргээ өчигдөр сошиалд “од” болов. Утаа гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед тэрбээр хошуу дүрсэн нь олон хүний дургүйг хүргэсэн юм.
Тухайлбал, тэрбээр “Жиргээчид утаагаа шийд гээд 2012 онд манай нам руу өнөөдрийнх шигээ дайраад өгөхгүй. Тэгсэн бол бид 70 мянган ипотектоо найдалгүй шууд дайрах байж” гэсэн нь олны анхаарлыг эрхгүй татсан юм. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх барьсан намын гишүүн байсан, тэр бүү хэл гүйцэтгэх засаглалын багт ажиллаж байсан хүн ийм зүйл ярихаар тэнэглэл гэж дүгнэхээс аргагүй. Нэг ёсондоо эрхэм сайд асан “АН-ын үед утаа буураагүй нь иргэдийн буруу” гээд хэлчихэв. Гэтэл шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс ийм бодолтой, иргэдэд бүх бурууг тохсон байдалтай байхаар утаа арилна гэдэг мянгуужингийн үлгэр болохоос ч яах билээ. Түүний хэлснийг тайлж уншвал 2012- 2016 онд иргэд утаагаа арилга гэж АН-ынханд олигтойхон, чанга дуугаар хэлээгүй нь алдаа болсон бололтой юм. Энэ өнцгөөс харвал АНынхан төрийн эрх барьсан үедээ, санаачлагаараа ажил хийдэггүй нь илт харагдаж байгаа юм. Хэн нэгэн эсвэл иргэд нийтээрээ дайрч давшилсан цагт тэд сая нэг хөдлөх бололтой. Улаанбаатарын энэ их утаа нэг л өдөр бий болчихоогүй. Үе үеийн Засгийн газар, шийдвэр гаргагчид дор бүрнээ, өөр өөрсдийн арга барилаар тэмцэж ирсэн бол өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрэхгүй байж болох байлаа. Гэвч засгийн эрх барьсан хүмүүс нь ийм л бодолтойгоор өдөр хоногийг барсан байснаас үзэхэд утаа яагаад ийм байдалд орсныг гайхах хэрэггүй мэт. Утааг бууруулах нь ганц хүний хийх ажил биш. Иргэн нэг бүрийн, тэр дундаа олон талын шийдвэртэй алхмын үр дүнд цэгцрэх учиртай. Гэтэл АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөвхөн ипотекийн зээл буюу иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт утааг даатгасан бололтой юм. Гэтэл тэд үнэндээ хэнээс ч илүү ярьсан болохоос хийж биежүүлсэн нь хуруу дарам цөөн. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр олон зуун иргэнийг орон гэргүй болгосноос бусдаар гийгүүлсэн гавьяагүй гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж явсан сайд намын төдийгүй төр засгийн барьж байсан бодлогыг гарцаагүй мэдэх учиртай. Гэтэл Ц.Оюунгэрэл сайдын /асан/ хэлснээс үзвэл АН-ынханд утааг бууруулах ямар ч сонирхол байгаагүй бөгөөд эцсийн дүндээ иргэд тэднийг олигтойхон шахаж шаардаагүйнхээ горыг өнөөдөр амсч байгаа бололтой юм.
М.Өнөрөө
“Монголын Үнэн” сонин