УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийг огцруулахыг асуудлыг УИХ-д оруулахаа мэдэгдэв

УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
ТТЭНН-ын дарга Г.Уянга өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлээ хэвлэлийнхэнд танилцуулж байсан. Тэрбээр энэхүү үндэслэлээ УИХ-ын гишүүдэд хүргүүлэхэд УИХ-ын гишүүн С.Жавхлан түүнтэй хамтрахаа мэдэгдсэн байна.
ТТЭНН-ын Г.Уянга энэ үеэр тус үндэслэлээр дахин танилцуулсан юм. Тэрбээр, нэгдүгээрт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах ажиллагааг зохион байгуулсан. Хоёрдугаарт 35 тэрбум төгрөгийн хохирол барагдуулаагүй Жастин Каплад өршөөл үзүүлсэн. Гуравдугаарт Рио Тинто копаниас байр авсан нь авлигын шинжтэй. 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгой компанитай гэрээ хийж “Breu House” хотхоноос долоон тоот байрыг 36 сая 396 мянган төгрөгөөр хувьдаа авсан.
Дөрөвдүгээрт 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг ТББ-д зориулж 3 сая хүртэлх ам.доллар цуглуулах хандивын аяныг АНУ-д зохион байгуулсан нь илт авлигын шинж чанартай үйлдэл болсон. Тавдугаарт “Оюутолгой” компанид зөвлөгөө авах нэрээр төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг өөрийн найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн.
Зургадугаарт санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Долдугаарт “Байнга төвийг сахих бодлого”-ыг баримтална хэмээн дэлхий нийтэд дур мэдэн зарлаж Монгол улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан. Наймдугаарт Монгол улсыг нэгдмэл биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.  Есдүгээрт Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ анх удаа давхар дээлний асуудлыг санаачилж, өөрөө гардан хэрэгжүүлсэн. Энэ нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн үйл явдал болсон.
Аравдугаарт Ухаалаг төр гэгчээр төрийг өмчгүй болгож хүчгүй болгох бодитой алхам хийсэн. Аравнэгдүгээрт Ерөнхийлөгч УИХ-д ажлаа жил тутам танилцуулах атал найман жилд нэг л удаа хуулийн дагуу  үйл ажиллагааныхаа тайланг тавьсан. Арванхоёрдугаарт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж Гадаад хэргийн яам, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан. Ингэснээр Засгийн газрын кабинетын чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх санаархлаа зогсоохгүй байна” гэв.
С.Жавхлан гишүүн энэхүү асуудлыг тун удахгүй УИХ-д асуудал болгож оруулах гэнэ. Хэдийгээр манай улс шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа ч хууль бус үйлдэл хийсэн хэн ч нэг хоногийн өмнө огцорч байх ёстой гэж тэд үзэж байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …