Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.17/ хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулсан юм.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа болон тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь холбогдох Засгийн газрын гишүүнд байхаар зохицуулсан. Гэсэн хэдий ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч, ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан гэдгийг салбарын сайд онцоллоо.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор хуулийн төслийг боловсруулсан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журмыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталснаар зээл хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хийдэл арилна. Түүнчлэн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажиллагаа үйлдвэрлэл эрхлэгчдэд нээлттэй, ил тод болно гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй, харин УИХ-ын гишүүн О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Ч.Улаан, Н.Амарзаяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлсэн юм. Гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохдоо үйлдвэрлэл эрхлэх чин хүсэлтэй иргэдийг хамруулах, зээлийн үр дүнд хяналт тавих, тодорхой шалгуурыг нарийвчлан журамлах, найз нөхөд, танилын хүрээнд олгогддог байсан буруу жишгийг хаах, орон нутгийн холбогдох хүмүүстэй нягт харилцан ажиллах шаардлагатай байгааг онцгойлон анхааруулж байв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.

Уур амьсгалын өөрчлөлт бодитой нөлөөлж байгаа өнөө үед уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох, санхүүгийн механизмыг шийдвэрлэх асуудалд дэлхий нийтээрээ онцгойлон анхаарал хандуулж байгааг Ц.Мөнх-Оргил сайд танилцуулгадаа онцлов.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-д 1993 онд нэгдэн орсон бөгөөд НҮБУАӨСК-ийн 2015 оны “Парисын хэлэлцээр”-ийг 2016 оны 9 дүгээр сард соёрхон баталсан. Иймд 2015 оны Парисын хэлэлцээрээр хөгжингүй орнууд 2020 он гэхэд улсын болон хувийн эх үүсвэрээс жилд 100 тэрбум ам.долларыг хөгжиж байгаа орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэсэн аж. Үүнийг төвлөрүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг хянах санхүүгийн гол механизм нь Уур амьсгалын ногоон сан (УАНС) ажээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, стратеги боловсруулан хэрэгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын санг байгуулж, үндэсний чадавхийг бэхжүүлнэ” гэж заасан байна.

Байгаль хамгаалах сангийн хувьд 2014 онд Уур амьсгалын ногоон сангийн боломжит үндэсний хэрэгжүүлэх нэгжээр тодорхойлогджээ. Энэхүү ажлын хүрээнд Олон улсын уур амьсгалын сангаас шууд санхүүжилт авах шаардлагыг хангах эсэх асуудлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн шинжээчид Сангийн одоогийн чадавхид үнэлгээ хийж Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн сангийн дүрэм, журмыг нарийвчлах, мөн Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх зөвлөмж гаргасан болно.

Манай улсын хувьд ойрын хугацаанд төсвийн хөрөнгөөр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд бэрхшээлтэй байгаа учир Парисын хэлэлцээрийн хүрээнд баталгаажсан олон улсын санхүүжилтийн механизмыг бүрэн ашиглах зорилгоор Байгаль хамгаалах санг “Байгаль орчин, уур амьсгалын сан” болгон өөрчилж Үндэсний хэрэгжүүлэх нэгж байгуулах хууль, эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ч.Хүрэлбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ч. Хүрэлбаатар нар Засгийн газар, ялангуяа Сангийн яам нэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зургаа хоногийн зайтайгаар хоёр асуудал болгон оруулж ирж байгааг анхаарч, асуудлыг нэгтгэж, ажиллахыг сануулсан бол УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Байгаль орчин уур амьсгалын сангийн хөрөнгөнөөс тодорхой хувийг байгаль орчны өөрчлөлттэй газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулахдаа аймаг орон нутгийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

Үүний дараа уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн учир Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …