Шинээр баригдан саяхан ашиглалтанд орж нээлтээ хийсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт өчигдөр танилцлаа. Энэ үеэр тэрээр тус эмнэлэгт хэрэгцээ шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Тухайлбал, Монгол анхдагч MRI аппаратыг засварлахад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг шийдэж өгөхөд анхаарч ажиллана гэсэн юм.
Тус эмнэлгийн амбулатори 2016 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтад орсон бөгөөд иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалттай Б блокийн барилга энэ оны долдугаар сард ашиглалтад орж, иргэдийг хүлээн авах боломжтой болно гэдгийг тус эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор /Ph.D/ Л.Баттөр Хууль зүйн сайдад танилцууллаа.
Ашиглалтанд ороод нэг сарын хугацаа болоогүй ч гэсэн тус эмнэлэг төрийн албан тусгай албан хаагчид болон Чингэлтэй дүүргийн нийт 5000 гаруй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлснийг сонсоод Хууль зүйн, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тус эмнэлгийн хамт олныг сайшааж, сайн ажиллахыг захилаа.
Ц.Мөнх