Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ уг асуудлаар хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн шалгалтын ажлын хэсэгтэй танилцах хүсэлт удаа дараа тавьж байсан ч бидэнд тодорхой тоо баримт өгөөгүй. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж ирсэн нь зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна.
Тиймээс АН-ын бүлэг энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаандаа шаардлагатай гэж үзвэл Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийг байгуулах хүсэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргэнэ.
Өнөөдөр МАН Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг ерөөсөө хөндөхгүй байна. Стандарт банкинд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан. Гэтэл хэдий хэмжээний зээл авсан нь одоог хүртэл тодорхойгүй байна.
Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг 49, 51 гэж хувааж шалгах биш бүтнээр нь шалгах хэрэгтэй. Үүний цаана улстөржсөн шахааны бизнес зэрэг маш том ашиг сонирхлын зөрчил бий” гэв.