Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат нарын зэрэг гишүүд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд иргэдийн төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг тусгажээ.
Үүнд, иргэдээс хууль тогтоомжийн тухай саналаа хууль санаачлагчид ямар журмаар уламжлах, УИХ-ын болон өөрийн харьяа орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд асуудлыг хэрхэн оруулах, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд тодорхой тооны иргэд гарын үсэг зурж нэгдэн ард нийтийн болон орон нутгийн түвшинд санал асуулга явуулах гэсэн гурван төрлийн механизмыг тусгасан байна.
Хамгийн гол нь иргэдийн өөрсдийн саналаар “доороос дээш гаргасан” санаачилга шийдвэр болох боломжийг энэхүү хуулийн төсөлд тусгаад байна. Мөн үндэсний түвшинд болон орон нутгийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх арга механизмыг ялгаатай зааглаж өгснөөрөө онцлог юм.
Хуульд заасан тооны хязгаар, үе шат, процедурыг хангасан тохиолдолд иргэдийн санаачилгыг заавал биелүүлэх үүргийг төрийн байгууллагууд хүлээж байхаар төсөлд тусгажээ.
Ингэснээр төрийн байгууллага, иргэд хоорондох заагийг ойртуулж, төрийн шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрч, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
Мөн эдгээр боломжийг урвуулан ашиглахаас сэргийлэх зорилготой нарийвчилсан зохицуулалтуудыг хийж өгсөн байна. Тухайлбал, хүртээмжтэй, бодитой мэдээллийг иргэдэд хүргэх, үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, хяналттай байдлыг хангах, иргэд асуудлыг шүүн тунгааж оролцоход цаг хугацааны хувьд давчуу биш байх, иргэд санал асуулга явуулах санаачилга гаргахдаа ямар хязгаар дотор, ямар чиглэл барих зэргийг төсөлд тусгаад байгаа юм.
president.mn