УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт хууль бус болсон хэмээн мэдэгдлээ. Худалдан авалтын эх үүсвэр нь бондын мөнгө, ард түмний мөнгө, татвар төлөгчдийн мөнгө хэмээн тэрбээр үзэж байгаа аж.
Мөн Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн 49 хувиас гадна Асгатын мөнгөний орд зэрэг стратегийн ач холбогдолтой хэд хэдэн орд газрын 49 хувийг Засгийн газар болон улстөрчидтэй хуйвалдаж хууль бусаар авсан. Үүний цаана их хэмжээний мөнгө угаалтын гэмт хэрэг явж байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.
“Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах бүрэн чадвартай байсан. Гэвч Засгийн газар өөрөө хувийн компанитай хуйвалдаж, стратегийн орд газруудыг худалдсан нь гэмт хэргийн шинжтэй. Монгол төрийг аалзны тор шиг хэлхсэн хулгайн бүлэглэлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд тууштай тэмцэнэ. УИХ-ын бүрэн эрхийг үгүйсгэж буй хулгайн бүлэглэлийн тэргүүн Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт үүнийг хэлчихье” гэлээ.
“Эрдэнэт”-ийн шахааны бизнест УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын нэр холбогдоод байгаа талаар тэрбээр “Хулгайчид Ц.Нямдоржийн хүүгийн гаргасан жижиг алдаанд дөрөөлж, хууль бус үйлдлээ нуух гэж оролдож байна. Тагнуулын газрын дарга Ц.Нямдоржийг дарамтлах гэж тэр бичгийг аваад Төрийн ордноор явсан. Ийм жижиг юманд Ц.Нямдорж, Ж.Батзандан гэдэг хүмүүс дарамтлуулдаггүй юм гэдгийг Тагнуулын дарга ойлгох хэрэгтэй” гэв.
Эх сурвалж: Gogo.mn