АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялалт байгуулсан талаар өнөөдөр Сонгуулийн хороо болон нэр дэвшигчид мэдээлэв.
Сонгуулийн өмнө АН гишүүдийнхээ дунд шинэчилсэн бүртгэл явуулсан. Үүнд нийт 176 мянган гишүүн хамарснаас 120 мянга нь санал өгөх эрхтэй болжээ. Үүнээс даргын сонгуульд 71.2 хувь буюу 85 мянга 930 гишүүн санал өгсөн хэмээн АН-ын Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар онцлов.
Тэрбээр, сонгогчдын саналыг онооны системд хөрвүүлсэн. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын нийлбэр оноог 8350 байхаар тооцсон.Ингээд сонгуулиар Н.Алтанхуяг 2033, Ж.Батзандан 1110, Л.Гантөмөр 1417.83 оноо авсан бол С.Эрдэнэ 2928, Д.Эрдэнэбат 857.22 оноог тус тус авчээ. Ингээд хамгийн өндөр оноо авсан С.Эрдэнэ сонгуульд ялалт байгууллаа. Энэ сонгуулийг нийт 1.2 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан” гэв.
АН-ын дарга З.Энхболд, “Өмнө нь АН даргаа сонгохдоо фракц болон олигархи компаниудад дарлуулдаг байлаа. Энэ системээр сонгогдсон сүүлийн дарга нь би. Харин энэ удаад даргаа бүх гишүүнийхээ дундаас сонголоо. Бүх гишүүдийнхээ итгэлийг хүлээж, сонгогдсон С.Эрдэнэ болон бусад дөрвөн нэр дэвшигчдэд баяр хүргэе” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: “Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган гишүүнтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.УИХ-ын сонгуулийн дараагаар ялагдлын байдалтай байсан АН маань сонгуулийн энэ үеэр хөл дээрээ бослоо. Цаашдаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжих болно. Хамт нэр дэвшсэн дөрвөн журмын нөхөддөө баяр хүргэе. Бид бүхэн намын шинэчлэлийн төлөө зорьж яваа. Сонгуульд хэн нь ч ялсан түүнийгээ дэмжинэ гэж ярьсан. Цаашдаа баг болж ажиллах болно. Миний хувьд намын эв нэгдлийг хангаж, үзэл баримтлалыг шинэчлэхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, бэлтгэл ажилдаа шуурхайлан орно. Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэй хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо, намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье хэмээв.
Нэр дэвшигч Ж.Батзандан, “АН-ын дотоод сунгаа 40 хоног үргэлжилж өндөрлөлөө. Хамтдаа нэр дэвшиж сонгуульд оролцсон журмын нөхөддөө талархал илэрхийлье. Сонгуулийн гол ач холбогдол бол үр дүнг нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахад оршдог. Ялалт байгуулсан С.Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд дэмжиж ажиллана. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бид тууштай хамтран ажиллах ёстой. АН-даа амласан шинэчлэлийг хийх ёстой” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултад хариулт авав.
–З.Энхболд дарга С.Эрдэнийг сонгуульд ялуулаад өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа гарсан. Энэ үнэн үү?
–З.Энхболд: Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Би хэлсэндээ хүрдэг хүн. АН-ын даргын албаа хүлээлгэж өгөөд, жирийн иргэн шиг амармаар байна.
-Танай намын зарим гишүүн санал өгөх эрхээ хасуулсан. Энэ ямар учиртай вэ?
-З.Энхболд: Анхан блон дунд шатны намын байгууллагууд тухайн гишүүнийг бүртгэхгүй гэвэл Төв байгууллага дээрээ ирж бүртгүүлэх журам гаргасан. Тэгээд би сонгуулийн маргаанаас хол байхын тулд энэ сарын 01-20-нд Энэтхэг яваад ирсэн. Гэтэл АН-ын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 16000 орчим хүнийг шууд бүртгэсэн байсан. Өмнө УИХ-ын гишүүн байсан хүмүүс анхан шатны хороогоор оролгүй шууд төв байранд бүртгүүлсэн. Тиймээс нэр дэвшигчид тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хасах санал гаргасан. Намын шинэ гишүүнээс эхлээд З.Энхболд миний бие хүртэлх бүх хүн заавал анхан шатны хороогоор орж бүртгүүлэх ёстой. Тэнд бүртгэхээс татгалзвал төв байранд ирэх журамтай. Хэн нэг “од” болсон гишүүнд зориулж тусгай журам гаргахгүй.
-Өнөөдрийн хэвлэлийн хуралд бүх нэр дэвшигчийг урьсан ч Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдэл юм биш үү?
-С.Эрдэнэ: Ялагч болсон хүнээ нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан. Манай 3 нэр дэвшигчийн хувьд нойр хоолгүй явж байсан учраас ядраад ирж чадаагүй. Биднийг бутарч, хагарчаасай гэж хүсч байсан бүлэглэл, хүмүүс байсан. Үүнийг бид давж чадсан.
-Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ?
-С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэрийг би дур мэдэн зарлахгүй. Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.
-Та “Шонхор” фракцын хүн. Дарга болоод бусад фракцуудтай хэрхэн ажиллах вэ?
-С.Эрдэнэ: АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана.
-Та Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох вэ? Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох уу?
-С.Эрдэнэ: Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Тиймээс томилгоог яаран сандран ярихгүй.
-Ж.Батзандан: Хэн нь ялсан хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж бүх гишүүд захиж байсан. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа юм. Би АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн хүн. Энэ утгаараа АН-ынхаа эв нэгдлийн төлөө ажиллаж ирсэн.
-Сонгуулийн санал хураалтын өдөр С.Эрдэнийг мөнгө тараасан гэх бичлэг яваад байсан. Үүнд тайлбар хийхгүй юу?
–С.Эрдэнэ: Мөнгө тараасан нэг ч үйлдэл байхгүй. Ийм үйлдэл гаргасан бол намын дарга болох ёсгүй. Надад энэ хэмжээний ёс зүй байгаа. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг гэж харж байгаа.