Төрийн ордны “Чингис хаан” танхимд намын дарга, сонгуулийн хорооны дарга болон нэр дэвшигчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд Ардчилсан намын гишүүдийн дунд өрнөсөн санал хураалтын дүнгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хамгийн олон санал авснаар намын дарга болох эрхээ хангалаа гэж мэдээлэв. Тодруулбал, С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус тус авчээ.
Мэдээллийн үеэр АН-ын дарга З.Энхболд “Манай нам фракциуддаа дарлуулсан, төрийн эрх мэдэлд орсон нам болсон байсан. Фракцуудаас эмээдэг дарга надаар дуусгавар боллоо. Фракцуудаас гуйж дарга болдог, төрийн эрх мэдлийг хүртэл авчихсан байгаа олигархиуд манай намын эрх мэдэл дотор байсан. Харин одоо намын даргаа гишүүд нь шийддэг болсон.
Өмнөх системээр сонгогдсон сүүлийн дарга би боллоо. Намын жирийн гишүүдээсээ хамгийн олон санал авсан С.Эрдэнэд баяр хүргье. Нэр дэвшигчид сонгуулийн зардлын 1.2 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж гаргасан. Нийтдээ 85 мянган гишүүн өвлийн хүйтэн уур амьсгалыг үл харгалзан хөр цаснаар төв сууринд ирж, саналаа өглөө” гэж онцолсон юм.
Намын даргын сунгаанд ялалт байгуулсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “АН-ын зургадугаар Их хурлаас намын даргыг бүх гишүүдийн санал хураалтаар сонгох шийдвэрт хүрсэн. Энэ дагуу нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргээр явж, хамтдаа сурталчилгаагаа хийсэн. Биднийг анх сурталчилгаандаа гарахад таван тийшээ салаад алга болно гэх яриа гарч байлаа. Гэхдээ бид эцсийн мөч хүртэл тавуулаа явж, дүнгээ гартал хамтран ажиллалаа.
Цаашдаа намын шинэчлэлийн асуудлаар баг болж ажиллана. Миний хувьд намын бүтцийн шинэчлэлийг яаралтай хийхээс ажлаа эхлүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирчихсэн учраас биднийг их ажил, өндөр хариуцлага хүлээж байна. Намын шинэчлэлийн төлөө хамтдаа өрсөлдөөнд орсон журмын дөрвөн нөхөд, сонгуулийн хорооны хүмүүстээ гүн талархлаа илэрхийлье” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын дотоод сунгаа сүүлийн 40 хоногийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Намын даргыг сонгох сунгаанд саналаа өгсөн 85 мянган гишүүндээ талархал илэрхийлж байна. Би уулзалт бүр дээр бидний хэн нь ч ялсан нөгөө дөрөв нь дэмжээд явна гэж хэлж байсан. Дотоод сонгуулийн гол утга учир бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллахад оршино. Намын нөхрийн хувьд С.Эрдэнийг дэмжин, хамтран ажиллах болно. Гишүүддээ амалсан бүх реформоо бид хийх ёстой. Үүнийг бид хамтдаа хийнэ. Намын даргын сонгуультай холбоотой жижиг сажиг гомдол байгаа. Үүнийг нам дотооддоо шийдээд явна” гэсэн юм.