Хоёр том сунгааны ард АН нэгдэж үлдэх үү, талцаж бутрах уу?

АН-д төрийн ажил ч, улс орны  бусад асуудал  ч огт хамаагүй болж.  Өвөр зуураа тэмцэлдэж, намын дарга, сэтэртнүүдийн сонгуульд л ухаан зарж суухаас өөр хийх ажил алга.  Ямар сайндаа энэ нам дээгүүрээ, намын удирдлагад гарах, дунд шатандаа  дүүргийн  ноён, хорооны ван, жонон болох  тэмцэл өрнүүлж  байна гэсэн хошин яриа хүртэл гарах вэ. Өнгөрсөн оны сүүлчээр шийдвэрлэсэн АН-ын даргыг сонгох сунгаа нь сая дууссан. С.Эрдэнэ дарга болохтой зэрэгцэн “АН  Баянголын нам боллоо”, “М.Энхболдын магнай тэнийлээ”,   “МАН-ын захиалга  биеллээ” гэхчлэн ёж үгс хөвөрч байна.  Эндээс харвал,  гишүүдийнх нь мэдэгдээд байсан “Бүлэглэл,фракцийн биш,  МАНАН-д харъяалагдаггүй хүн л АН-ын дарга болох ёстой” гэсэн мөрөөдөл талаар болсон юм даг уу даа.

Уг нь намын даргаа  жирийн гишүүдээрээ хэлэлцүүлж  тодруулах арга барил нь юуны буруу байх вэ. Харин ч ардчилалтай байх сан. Гэвч  сунгаа нь энэ намын итгэл, үнэмшил, эв нэгдлийг харин ч хэдэн тийш нь  “сунгаж”  өглөө. АН ямар нам болохыг,  энэ намын лидер гэгч хүмүүсийн хэн нь хэн болохыг  намын даргын сунгаа таниулчихлаа. Сунгааны нээлтэд З.Энхболд дарга нь хүн тус бүрт багцалсан таван сум өгч, Алунгоо эхийн эв нэгдлийн сургаалыг сануулаад замд гаргасан. Таван нэр дэвшигч ч эв найртай явж, эргэж ирэхдээ  хэн дарга болно,түүнийхээ удирдлагад  таван сум шиг багцлагдаж, намынхаа төлөө зүтгэж  ажиллахаа андгайлж байсан.  Сунгааны явц дунд намын даргад горилсон зарим нэр дэвшигч бие биеэ “гей”, “гомо” гэхчлэн дуудаж явав. Нөгөө фракцгүй нам болно, бүлэглээс татгалзлаа гэсэн нь яасан бэ. Мөнгө тараасан, тараагаагүй гэх хэрүүл,тэрний энэний хүн гэх  талцал  нь бүр ч хүчтэй ил гарлаа. Бүр “Фракцгүй болчихвол АН амьдарч чадахгүй  тарна”  гэж зарим улстөрч  албан бусаар мэдэгдлээ. Нэг нэр дэвшигч нь АТГ-т  дуудагдаж, “Би улс төр дэх  нам дамжсан бүлэглэлийн золиос болох нь. Намайг АН-ын дарга болгохгүй гэсэн оролдлого хүчтэй явж байна. Би Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёртой үхтэлээ тэмцэнэ” гэж мэдэгдэхэд бусад  нь дүлий юм шиг л байлаа. Сунгаанд хамт явж байгаа нөхдөөс нь бараа болж ганц хүн л очсон. Бас зарим нь  Л.Гантөмөрийн нэрийг татуулах гэсэн оролдлого  хийж явааг экс гишүүн М.Батчимэг олонд зарласан. Саналын наймаа,хулгай  цагаандаа гарч, С.Эрдэнийнбаг мөнгө тарааж байна гэж УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл жиргэсэн.  Хор найруулга явж байгааг мэдсэн зарим “Ванга шиг хэлье, С.Эрдэнийг гаргаж ирэх захиалга  хэрэгжиж байгаа. Тэр гарч ирнэ” гэсэн. Эцэст нь сунгаа, сонгуулийн аль аль нь дуусч  С.Эрдэнэ  л хамгийн өндөр саналаар барианд оров.

Бусад нэр дэвшигч түүнтэй хамтарч ажиллахгүй,   намын ажилд оролцохгүй гэж мэдэгдээд тараад явчихлаа. Эхний сунгааны үр дүн ийм.

Гэтэл одоо хоёр дахь сунгаагаа хийнэ гээд зогсч байна. Тэр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН мөн л сунгаагаар тодруулах юм гэнэ. Бас л таван хүн сунгаанд нэр дэвшиж, багцалсан таван сум  бариад улс даяар “тэнэх” байх.  Аймаг, сумаар хэсэнгээ бие биеэ элдвээр хэлж, өмнөх жишгээр бэлгийн чиг хандлагаа  олонд зарлахад хүртлээ  доошоо орцгоож,  сумтайгаа харуулбал  энэ нам бүр дууслаа л гэсэн үг. Эсвэл  Баабарын хэлсэн  “АН эргэж сэргэхийн тулд ёроолдоо тултал унах ёстой. Үүний тулд С.Эрдэнийг  дарга болгох нь зөв” гэснээр хоёр сунгааны ард энэ нам юу ч үгүй шалдаа унаж дуусах уу. Түүний дараа  эргэж сэргэх үү. Тэрхүү эцсийн зогсоол нь  хаана байна. Тэр хүртэл хоёр том сунгаа хэн нь хэн бэ гэдгийн чансааг шалгаж байна уу. Энэ асуултад Ерөнхийлөгчийн сонгуульд  хэнийг нэр дэвшүүлэхийг шийдэх хоёр дахь сунгаа хариулт  өгөх биз ээ.

Ч.Үл-Олдох

Зууны мэдээ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …