Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.02.01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Утааг бууруулах зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн  дэд бүтцийн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор дараах төслүүдийг санхүүжүүлэхээр болов. Үүнд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, гэр хорооллын утааг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэд бүтцийн шинэчлэл хийх, “Тайшир-Алтай усан хангамжийн төсөл”-д, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулахаар боллоо.

Эдгээр төслийн санхүүжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа. Хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай, хүүгүй, эхний таван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Дэлхийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ.

Ассоциацаас манай улсад 2015-2017 онд хуваарилсан 79 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгасан байна. Энэ дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци нь гурван жил тутам гишүүн орнуудад санхүүжилтийн эх үүсвэр хуваарилж, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөө тохиролцдог юм.

Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийг атестатчилж, тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилнэ

Сүүлийн 3 сарын хугацаанд Дорнод аймаг, нийслэлд техникийн болон спиртэнд суурилсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний  хордлогоор 9 хүн амь насаа алдаж, 15 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, үйлчилгээ хэт өндөр, тухайлбал архи, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэг сумын төвүүдэд гэхэд хамгийн багадаа 20 байгааг тогтоожээ.

Иймд 2017 онд багтаан согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд атестатчилал явуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэх, импортоор оруулж ирж буй техникийн болон спиртэн суурьтай ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнний хаяг, шошгыг олон улсын стандартад нийцүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлчилгээ, худалдаанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Ядуу иргэд, малчдад зориулсан төслийг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.

9.06 сая ам.долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг, сумдад нэмүү өртөгийн сүлжээ бий болгох замаар ядуу иргэд болон малчдын амьжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна.

Өмнө нь буюу 2011-2016 онд Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчдын 120 бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан 455 бүлэгт дэмжлэг үзүүлжээ.

Үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн даац, багтаамжийг хянаж үнэлэх юм. Мөн хөдөө аж ахуйн түүхий эд, материалын үнийг нэмэгдүүлэх, малчид, эмэгтэйчүүдийн бүлэгт санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, худалдан авагч, үйлдвэрлэгчидтэй холбохоор төлөвлөж байна.

9.06 сая ам.доллар нь 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай /үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил/ бөгөөд үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0,75  хувь байх юм.

Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь хувь оролцоогоо нэмлээ

Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын ерөнхий хувь оролцоог тус бүр нь 120,635 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 143 хувьцаагаар, тусгай хувь оролцоог 71-ээр нэмэгдүүлэхээр тогтлоо.

Ингэснээр хоёр том хөрштэй, далайд гарцгүй манай орны хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг түлхүү ашиглах боломж бүрдэнэ.

Банкны хувь оролцоо нь гишүүн орнуудын саналын эрх, тус банкнаас авах санхүүжилтийн дээд хэмжээг тогтоох үндэслэл болдог бөгөөд манай улс 0.06 хувийн саналын эрхтэй болж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон төслийг дагаж өөрчлөлт орох, шинээр боловсруулах хуулиудын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Манай улсад зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналт, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгал зэрэг байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллага Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Өрсөлдөөний тухай, Гаалийн тухай болон Татварын ерөнхий хууль зэрэг хуулийн хүрээнд ажилладаг юм.

Гэвч энэ нь давхардал, хийдэл, зөрчил үүсгэж, улмаар салбарын хүрээний дүрэм, журмаар хүний эрхийг хязгаарлаж байгаагаас зөрчил шалган тогтоох болон шийтгэл ногдуулах нь харилцан адилгүй, тэнцвэргүй байдал бий болгожээ.

Нөгөө талаар салбар бүр өөрийн онцлог нэрийн дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны өөр өөр стандарт тогтоон хэрэгжүүлж байгаа гажуудал ч гарсаар байна. Тухайлбал Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчлийг 14 хоногт багтаан хянан шалгахаар заасан бол Өрсөлдөөний тухай хуульд 60 хоногт гэж тусгасан нь зөрчил үүсгэж байгаа юм.

Энэ бүхнээс үүдэн Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдсэн байдлаар тогтоон иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөхөөс хамгаална гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …