Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ баг, Биеийн тамир спорт хорооны 2016 оны ажлын тайлан, “Спорт өдөрлөг-2017” гала тоглолт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр боллоо.
Гала тоглолтын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимэдцогзол, Засаг даргынТамгын газрын дарга А.Дамцагдорж, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нарын албаны хүмүүс хүрэлцэн ирлээ. Гала тоглолтыг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж, тамирчид, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэв.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийг дүүргийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 24-ний 61 дүгээр тоот захирамжаар Сагсан бөмбөг Волейбол, Жүдо бөх, Софт теннис гэсэн спортын 4 төрлөөр байгуулсан. 2015 он хүртэл спортын 11 төрлөөр, 2016 онд 100 буудалт даам, таеквандо гэсэн хоёр төрлийг нэмэгдүүлж, спортын 13 төрөл болгон өргөжүүлэн нийт 300 гаруй өсвөрийн тамирчин амжилттай бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Өсвөрийн шигшээ багийн тамирчид Тив, Дэлхийн аварга шалгаруулах, Улаанбаатар хотын аварга, дүүргийн аварга, Олон улсын тэмцээнээс 2013 онд 462, 2014 онд 477 медаль, 2015 онд 583 медаль, 2016 онд 353 багц медаль авчээ. 2015 онд зохиогдсон Монголын хүүхдийн спортын 5 дугаар их наадамд спортын үндсэн 12 төрөлд өрсөлдөн 16 алт, 20 мөнгө, 12 хүрэл, нийт 48 медаль, спортын сонгох 6 төрөлд өрсөлдөн 13 алт, 30 мөнгө, 14 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 9 дүүрэг, 21 аймгаас шалгарч 2 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.