Эрх баригч намын байр сууринаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн МАН-ын зүгээс өнөөгийн эрх баригчдын явуулж буй улс төр, эдийн засгийн алдаатай бодлогын сөрөг үр дагавар жил гаруйхан хугацаанд илэрч, эдийн засгийн байдал хүндэрлээ. МАН эрх баригчдын муу талыг зүгээр хараад суулгүй бодитой бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй гэж үзсэн учир “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний уралдааныг зарласан байна.
МАН-аас ирэх 10 дугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгжил дэвшлийн талаарх байр сууриа тодорхойлох аж. Тиймээс үүнтэй холбоотойгоор залуу эрдэмтэн судлаачдын дунд “Монгол Улсын хөгжлийн загвар” сэдэвт шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний уралдааныг зарлалаа. Шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг энэ сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл нээлттэй зарлаж байгаа юм байна.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн бодлогын талаар дүгнэлт өгөх ирээдүйн богино ба дунд /4-8 жил/ хугацааны хөгжлийн хэтийн төлөвийн талаар бодит таамаглал дэвшүүлэх, учирч болох сорилт, бэрхшээлүүдийг хэрхэн даван гарах талаар судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргасан санал, асуудал дэвшүүлсэн байх шаардлагатай бөгөөд шагналын нийт дүрмийн сан нь 20 сая төгрөг аж.
Сэдвийн хувьд нэлээн өргөн хүрээтэй бөгөөд эдийн засгийн зохистой бүтэц, олон тулгуурт бодлого, байгалийн баялагийн ашиглалт, хуваарилалтыг бодлоготой, шударга болгох, мэдлэгт суурилсан, байгальд ээлтэй эдийн засгийг хөгжүүлэх бодлого, эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг оновчтой болгож, бизнесийн орчныг тааламжтай болгох, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлогын талаар судлаач, сонирхогч хэн бүхэн МАН-аас зарласан уралдаанд өөрийн дуу хоолойгоо нэмэрлэх, тусгах боломжтой юм байна.
Түүнчлэн Монгол улсын нийгмийн бодлогын хөгжилийн хүрээнд ядуу өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох асуудал, боловсролын тогтолцоог оновчтой болгож, чанарыг дээшлүүлэх асуудал багтсан бол байгальд ээлтэй уул уурхайн бодлого, байгалийг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах бодлогын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг оролцоог хангах бодлогыг ч чухалчлан авч үзэхээ МАН-ынхан илэрхийллээ.
Ugluu.mn