Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодоггүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531,1 мянга байгаа бөгөөд хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь монгол өрхүүд цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг танилцуулгын үеэр Н.Номтойбаяр сайд тодрууллаа.
Иймд хүн амын өсөлтийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзсэн байна. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна.
Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдгийг танилцуулгад онцлов.
Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Хуулийн төсөлд 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан байв.
Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авлаа. Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжив. Иймд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороонд шилжүүллээ.