УИХ-ын намрын чуулган дуусгавар болж байна. Хэдийгээр УИХ-ын даргын захирамж гараагүй ч маргааш хаах товтой байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн шинэ парламент хагас жил орчмын хугацаанд ажиллаж, ард түмний дунд хүлээлттэй байсан олон хууль, тогтоомжийг батлан, заримыг нь хэрэгжүүлж эхлээд байна.
Намрын чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч УИХ-ын чуулганы үеэр бид шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, олон хууль баталлаа. Ялангуяа дөрвөн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг 90 хувиар хөнгөллөө. Энэ бол бизнесээ дэмжих, бизнес эрхлэгчдэд очиж буй дарамтыг бууруулахад нэлээд том дэмжлэг болж байгаа юм. Эдийн засаг хэчнээн хүндрэлтэй байгаа ч сонгуулийн үеэр амлаж байсан зүйлсээ марталгүй биелүүлж ахмад настнууддаа “Насны хишиг” олгож эхэллээ. Мөн гурав хүртэлх насанд нь хүүхэд үрчилж авсан бол өөрийнх нь төрүүлсэн хүүхдийн тоогоор эхчүүдэд 1,6 жилээр хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан зэрэг иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авлаа. Засгийн газар чцаг алдалгүй ажиллахыг хичээсэн.
Ер нь бүх зүйл өө сэвгүй, сайхан байсангүй. Эргээд бидэнд хаврын чуулганаар бодох зүйл олон байна. Гэхдээ ямар ч байсан нэг зүйлийг амжуулах, бүтээчих юмсан гэж ажиллалаа. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч “Энэ Засгийн газар хамгийн богино хугацаанд байгуулагдсан” гэж хэлсэн. Тэгэхээр байгуулагдахаасаа эхлээд л цагалдахгүйг хичээж байна. Одоо нэг хэцүү зүйл нь өрийн асуудал. Үүнийгээ шийдвэрлэх шийдлийг одоо ч эцэслэн тохироогүй л байна.Үүнд гишүүд ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн зарим зүйлд цагалдсан. Тухайлбал, өөр орноос зээл авах гэж царай алдаад явж байхаар “Стэнд бай” хөтөлбөр рүү аль эрт орох байсан юм. Гэтэл одоо ОУВС-гийн нөхцөл хоёр, гурван сарын өмнөхөөсөө өөр болсон байна. Энэ даяаршсан, үйл явдал нь хурдан өрнөж байгаа дэлхийд нэг хоног ч, нэг хоногоор хэмжигдэхгүй өндөр өртөгтэй болж байна. Энэ талд хангалттай хурдан ажиллаагүй юм шиг. Гэхдээ хангалттай хурдан ажиллаагүйдээ биш, шийдэмгий байж нэг талдаа гарч ажиллаж чадсангүй” хэмээн ярилаа.