Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцлоо.
АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолж байлаа. Харин Ардчилсан намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү Ардчилсан намын үйл ажиллагаа Ардчиллын өргөөнд явагдахаар боллоо.
Мөн энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг Л.Эрхэмбаяр, Ц.Туваанд албан ёсоор гардуулан өглөө. Л.Эрхэмбаяр, “АН-ын ХЭГ-ын тамгыг албан ёсоор хүлээлгэж өглөө. Намын шинэчлэлээ сайн хийгээрэй. Дүрмийн төслөө сайн хэлэлцүүлээрэй. Энэ тамгыг зөвхөн Үндсэн дүрмийн хүрээнд, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу л ашиглаарай” хэмээн шинэ генсект захив. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, “АН-ын удирдлагын багт хүнд цаг үед ажиллаж, намын шинэчлэлийг амжилттай эхлүүлж чадсан танд цаашдын ажилд нь их амжилтыг хүсье” гэв.