Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Талууд хоёр улсын хоорондын дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлуулах, Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь уулзалт, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулахаар тохиролцов.
Хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлэх үүднээс “Талын зам” ба “Бүс ба Зам” стратегийг уялдуулах тухай санамж бичиг зэрэг гэрээ хэлэлцээрийг байгуулах, “Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахаар санал нэгдэв.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, Монгол Улсаас Хятадад нийлүүлэх уул уурхайн бүтээгдэхүүн болон үхэр, хонины мах зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв. “Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталснаа хятадын тал мэдээлэв.
Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад хоёр талын болон олон талын шугамаар дэмжлэг үзүүлэхээ хятадын тал илэрхийлж, Монгол Улс өнөөгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг солилцох хэлцлийн хугацааг сунгахад бэлэн байгаагаа хятадын тал мөн илэрхийлэв.
Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдгөө онцолж, гурван улсын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг зохион байгуулах, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв”-ийг байгуулах зэрэг асуудлаар тодорхой ярилцав.
Ц.Мөнх-Оргил сайд Ван И сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад дахин айлчлахыг урьсныг талархан хүлээн авав.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар хоёр улсын сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултуудад нь хариулав.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хонконгийн “Феникс” телевизийн “Дэлхийн удирдагчидтай хийх яриа” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөв.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, БНХАУ-ын Худалдааны яам, Хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзана.
ГХЯ