ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Ардчилсан намын нарийн бичгийн даргаар томилогдлоо. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракци ялалт байгуулж, улмаар намын их хурлаар өөрийгөө батламжлуулсныхаа дараа өөрсдийн хүмүүсийг намын удирдах албан тушаалд томилж эхэлсэн.
Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон “Шонхор” фракцийн хүн Ц.Туваан тушаал гаргаж Хэрэг эрхлэх газрынхаа бүх ажилчдыг халсан. Ингэж суларсан албан тушаалуудад АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн итгэлт хүмүүсийг томилохоос гадна тохироо, шахаа, гуйлгын хүмүүсээ чихэж эхэллээ. Гэхдээ эндээс Ж.Батзандангийн хүн гэгддэг О.Магнайгийн томилгоо Ардчилсан нам дотор ихээхэн хэл ам дагуулж мэдэхээр байна. С.Эрдэнийг АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсны дараа түүнийг сонгогчдод мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчсөн учир нэрийг нь татах ёстой хэмээн мэдэгдэж байсан АН-ын бусад нэр дэвшигчид дотроос Ж.Батзандан гэв гэнэт С.Эрдэнийн талд орж, түүнийг өмөөрч эхэлсэн.
Ж.Батзандангийн энэ үйлдэл бусад нэр дэвшигчдийг С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөх, цаашлаад С.Эрдэнийг намын даргаар батламжлагдахад ихээхэн хэрэг болсон. Эндээс С.Эрдэнэ, Ж.Батзандан нарыг тохиролцчихлоо гэсэн таамгийг улстөрийн хүрээнийхэн дэвшүүлж байсан бөгөөд энэ нь ч тодорхой боллоо. Түүнчлэн тохиролцооны учиг ч тайлагдаж байна. Нэг талаас Ж.Батзандан өөрийн хүнийг АН-ын удирдах албан тушаалд томилуулж, нөгөө талаас С.Эрдэнэ Ж.Батзанданд амалснаа биелүүлж О.Магнайг АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар томиллоо. Ж.Батзандангийн журмын нөхөр, хамтдаа тэмцэж явсан О.Магнай Ж.Батзанданг 2012 онд УИХ-ын гишүүнээр томилогдсоны дараа Төрийн ордон, Ж.Батзандангийн өрөөнд үзэгдэх нь ихэссэний дараа ШӨХТГ-ын даргаар томилогдсон.
Өөрөөр хэлбэл, О.Магнайг ШӨХТГ-ын даргаар томилогдоход Ж.Батзандангийн нөлөө байсан гэдэг. О.Магнайгийн хувьд 1982 онд төрсөн, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй нэгэн бөгөөд 2009 онд АН-д гишүүнээр элсчээ. О.Магнай өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт ялагдсан юм.
Төгс