Ц.Мөнх-Оргил:ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл авна

Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-оргил энэ сарын 13,14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Мөн энэ айлчлалын дараагаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа талаар хэвлэлийнхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОХУ-аас 1.5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл авна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд айлчиллаа. Айлчлалын хүрээнд С.Лавров сайдтай албан ёсны хэлэлцээ хийсэн. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздевтэй уулзаж ярилцлаа. С.Лавров сайдтай бараг хоёр цаг гаруй олон асуудлаар санал солилцсон юм. Товчхон хэлэхэд ОХУ-тай шийдэгдээгүй аливаа эдийн засаг, мөнгө санхүү, улс төрийн асуудал алга. Одоо гагцхүү урьд өмнө хийсэн яриа хэлэлцээрийн биелэлтийг хангах ажил болох ажил үлдээд байна.

Би Оросын талд Монгол Улсын нийгэм, эдийн засаг болон сүүлийн үед Улсын Их Хурлын зарим арга хэмжээ болон ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийг танилцуулсан. Айлчлалын нэг том зорилго бол Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д айлчлах албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангах асуудал байсан. Ерөнхий сайдыг энэ оны эхний хагаст ОХУ-ын Ерөнхий сайдын урилгаар айлчлуулахаар тохирлоо.

Манай улсын хувьд чухал ач холбогдолтой хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгаа юм. Юуны өмнө төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх тухай олон хэлэлцээ бий. Ерөнхий сайдын айлчлалаар гэрээ байгуулахаар тохирлоо. Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулах зарчмын ажлаа хоёр тал шийдсэн. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тохирцлоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалын үеэр яригдсан 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх асуудлаа ярилаа. ОХУ-ын тал өнгөрсөн хавар их өрийн асуудлыг шийдсэн учраас энэ асуудлыг шийднэ, гагцхүү хоёр тал төслөө тохирох хэрэгтэй байна. ОУВС-гийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байгаа гэсэн санал хэлсэн. Бидний санал бол энэ 1,5 тэрбум ам.доллароорУлаанбаатар төмөр зам, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа гэдгээ уламжиллаа.

Эгийн голын усан цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтран ажиллана. Эгийн гол, Шүрэн голын усан цахилгаан станц байгуулснаар үнэхээр Байгаль нуурын экосистем муу нөлөө үзүүлж байна уу үгүйг судалж, эрдэмтдийнхээ үгийг сонсож шийдвэрлэхээр тохирлоо.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг ирэх гуравдугаар сард Бээжин хотод зохион байгуулахаар болов.Гурван улс хоорондын эдийн засгийн харилцааг цаашид идэвхжүүлэх зорилгоор энэ оны зургадугаар сард БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Орос, Хятадын хамтарсан ЭКСПО-д Монголын төлөөлөгчдийг өргөнөөр оролцуулах болсон.

БНХАУ-аас өгөх 1 тэрбум ам.долларын зээлийг шийдвэрлэнэ

Өчигдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Гадаад хэргийн сайд Ван И-тэй дэлгэрэнгүй яриа хэлэлцээр хийлээ. БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзаж хоёр орны асуудлаар санал солилцлоо БНХАУ-тай улс төр, нийгмийн асуудлаар ямар нэгэн асуудал байхгүй гэж тэмдэглэсэн. Хоёр улсын хооронд байгуулахаар бэлэн болоод буй хэд хэдэн асуудлууд байна. Юуны өмнө Монголын “Талын зам” санаачилгыг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулж дэд бүтцийн хөгжлөө уялдуулахаар боллоо.

Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулах, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах зэрэг олон асуудлыг ярилцлаа.

Айлчлын хүрээнд Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, тээвэрлэлт явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон баталсан байна. Нэр заасан 7 боомтийг ашиглах болсон байна , нэмэлт 5 боомт ашиглах боломж бүрдэж байгаа юм. Манай талаас БНХАУ-аас эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжийг эрэлхийлэхийг санал болгосон. БНХАУ-ын хувьд сайн хөршийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн. Юуны өмнө ОХУ, БНХАУ ч мөн адил ОУВС-тай тохиролцоо хийж байгааг сайшааж, хамтын ажиллагаагаа тогтвортой урт хугацаанд төлөвлөхөд ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байна. Хоёр улс Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк, ОУВС-гаар дамжуулан дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Хоёр төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээг сунгана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Өнөөдөр Монголбанкны төлөөлөгчид БНХАУ-ын банктай хэлэлцээ хийж энэ асуудал шийдвэрлэгдэнэ.

Өмнө нь олгохоор шийдсэн хөнгөлөлттэй зээлийнхээ хэрэгжилтийг судлахаар болсон. Тухайлбал өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян манайд өгөхөөр тохирсон 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдээгүй байгаа бөгөөд үүнийг шийдэхээр боллоо.

Монгол Улсын газрын газар энэ мөнгийг манай тал гэр хорооллыг орон сууцжуулахад ашиглана. Монгол Хятадын хилийн боомт буюу Монголын талын дэд бүтцийг сайжруулахаар тохирлоо. БНХАУ-аас Монголын эдийн засгийн бэрхшээлийг даван туулахыг тулд бид сайн хөршийн хувьд дэмжлэг үзүүлж Монгол улсаас худалдаж авах нүүрс, мах махан бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэн гэдгээ хэллээ гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил айлчлалынхаа тухай дүгнэн мэдээлэл хийлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …