УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулсан цагаар эрхэм гишүүд энд, тэнд, сонгогдсон тойргууддаа Улсын аварга малчин, тариаланчаар тодорсон хүмүүсийн шагналыг гардуулж яваа. Харин АН-ынхан амрах завгүйгээр дараагийн тактикаа боловсруулахаар төлөвлөжээ. Учир нь өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөөд байгаа юм. Тус намынхан намрын чуулган завсарлахаас өмнө намын даргын сонгуульдаа анхаараад их завгүй явсан. Тэр байтугай өөрсдөө төр, засгийн зөвийг дэмжиж, бурууг засах ёстой сөрөг хүчний үүргээ умартчихаад ердөө Засгийн газрын “тэгш хоног”-ийг хуруу даран тоолж суусан нь саяхан. Тиймдээ ч Засгийн газрын 100 хоног хэмээн Ерөнхий сайд болон танхимын гишүүд танилцуулж байхад “бүхий л сайн хөтөлбөрүүдийг таслан зогсоолоо” гэж ирээд л шуугиан тарьж байв. Түүнчлэн саяхан Засгийн газрын 200 хоногийг тооллоо бас л юу ч хийж, бүтээсэн зүйл алга хэмээн гомдоллож байв. Үндсэндээ АН парламентад бүлэгтэй хэрнээ төрийн бодлого, шийдвэрийн төлөө бус намынхаа сонгууль, ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд зэрэгт л ахиухан оноо авчих гээд суурин дээрээ эргэсээр өнөөг хүргэлээ.
Тэднийг “поп”-рох ч зүйлгүйдсэн энэ үед ОУВС-гаас манай улс зээл авахаар болсон нь олзуурхууштай, мэрэх сэдэв болж байгаа бололтой. Тэгж л мань нөхөд өөрсдийгөө сөрөг хүчин гэдгээ гэнэт санаж, ухаан сэхээ авч, өргөтгөсөн хуралдаанаа зарлаж буй аж. АН-ынхан өнөөдрийн хуралдаанаар Олон улсын валютын сангийн “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэлэлцэх аж. Учир нь энэхүү хөтөлбөрийн шаардлагад төсвийн орлогыг нэмэгдүүлэх долоо, харин төсвийн зардлыг бууруулах чиглэлд найман арга хэмжээ авах хэрэгтэй болж байгаа юм.
Эдгээр асуудал нь өдгөө нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлэхүйцээр яригдаж байгаа учраас АН-ын бүлгийнхэн чимээгүй өнгөрөхгүйгээр шийдсэн хэрэг.
Уг нь Монгол Улсын эдийн засаг хүнд байдалд орчихоод байгаа нь өмнөх Засгийн газартай салшгүй холбоотой болохыг олон нийт хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон. Үндсэндээ бүгдээрээ л баяжиж байгаа мэтээр “Чингис”, “Самурай” зэрэг бондуудыг босгоод ирлээ хэмээж, баяр хөөр болох шахаж байсан ч тухайн үеийн албан тушаалтнууд өөрсдөө ихэнхийг нь “залгичхаад” өнөөдөр улсаа өрөнд оруулж, идэж, уусан нөхөд нь эхнээсээ олохгүй, олдсон зарим нь булзаж, зугатах санаархалтай байгаа.
Ямар сайндаа л Говь-Алтай аймагт Хөгжлийн банкнаас 30 гаруй тэрбум төгрөгийг зам тавина гээд аваад явчихсан нь олдохгүй. Бүр замыг хайгаад алга байна хэмээн одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэлж байх вэ дээ.
Уг нь АН-ынхан ОУВС- гийн “Extended Fund Facility” хөтөлбөрийг хэлэлцэнэ гэж сүрийг үзүүлж байхын оронд энэ их өрийг тавьсан жинхэнэ эздийг олж, эргэн төлүүлэх арга хэмжээнд анхаарал хандуулж, санал гаргавал гарвал олон нийтэд ч чухам ардчилсан “дүр төрх”-өө таниулж бага ч болов оноо цуглуулах боломжтой. Өмнө нь олонхийг бүрдүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан, мөнгө тоолж сурсан бол одоо хэдий цөөнх ч гэлээ хоног тоолох бус сөрөг хүчин гэдгээ л мэдэрч ажиллавал чухал баймаар.
Өглөөний сонин