Энэ хорвоо хайрлуулахыг хүлээсэн хүмүүсээр дүүрчээ. Миний хайрт хаа яваа юм бол гэж, ирээдүйд ямар нэгэн гайхалтай зүйл болно гэж хүлээнэ. Ийм мөрөөдөлд автан дундуур байдлаа мөрөөдлөөрөө нөхөн ганихаран үнэт цагаа үрэгч нар маш олон.
Хүлээж тэсвэрээ алдсан зарим нь тавилантайгаа эвлэрч дүнсгэр царайлан амьдарсан болж цаг нөхцөөнө. Юуг ч бүү хүлээ. Юунд ч бүү найд. Авахыг хүсэгч нар нь олдож, өгөхийг хүсэгч нар нь цөөдснөөс л энэ бүхэн үүсчээ. Зүгээр л чи өөрөө хайрлаад эхлэ. Өгч эхлэ. Эргэн тойронд байгаа хүмүүст, эд зүйлст, амьтдад, модод байгальд, бүгдэд нь хайраа түгээ. Тэгвэл чи хайрыг маш их хайрыг буцаан авах болно. Гэхдээ буцаан авна гэсэн бодолтойгоор хайрлаж болохгүй шүү.
Таны сэтгэл дундуур байдал чинь та хайраар дутаж байгаа болохоор л тэр. Чи өөрөө хайрыг түгээхгүйгээр өөрийгөө хайрлуулах гээд байгаагаас л хамаг юмс буруудаад байгаа юм. Би хангалттай хайрласан гэж бодож байгаа бол эндүүрэл. Бүр хоёр дахин илүү хайрла. Чи хайраар дутаж байгаа бол бусдыг хайрлахаа дутааснаас л болсон хэрэг. Хайрлуулах гэж хүлээлгүй хайрлаж эхлэ.
БОДЛЫН БООЛ НЬ БИШ ХААН НЬ БАЙХСАН
Бид биеэрээ ямар нэг үйлдэл хийхгүй гэвэл тэвчиж чадна. Мөн үгээ цэгнэж хянаж чадна. Бодлоо хянаж харин чаддаггүй. Бодохгүй гэж байгаа нь хүртэл бодол байдаг. Зөвхөн нэг зүйлийг алдахгүй бодъё гэхээр нэг мэдэхэд л өөр зүйл бодчихсон явж байдаг.Орондоо ороод унтая гэхээр бодол таныг унтуулахгүй дарангуйлж эхлэдэг. Бодол бидний хаан бид түүний боол болчихсон байдаг.
Бодол яаж орж ирээд яаж таныг дарамталж байдгыг бид анзаардаггүй. Стресс бүгд бодол байдаг. Хүмүүс бодлоос зугтаж архи уух нь элбэг тохиолддог. Бодол үргэлжлсэн төлөвтэй байдаг. Нэг зүйлээс сэдэл аваад үргэлжилэн маш олон зүйл бодчихсон явж байдаг. Уг нь бол та өөрөө боддоггүй. Бодол өөрөө харваж орж ирдэг. Бид бодохгүй гэхээр өөрөө алга болчих юм шиг ойлгодог тийм биш. Бодол үгүй бол харин ч та жинхэнээсээ оршиж эхлэх болно. Хүссэн үедээ бодоод хүсээгүй үедээ боддоггүй болчих юмсан.
ИД ШИДИЙН ТӨМС
Та бусдыг уучлах гээд чадахгүй байгаа бол гомдсон хүмүүсийнхээ тоогоор биедээ төмс авч явж бай. Төмс бүхэн дээр тэр хүмүүсийнхээ нэрсийг бичээрэй. Уучлахаас нааш төмсөө биенээсээ бүү салга байнга авч яв. Унтахдаа хүртэл өвөртөлж унт. Ингэхдээ нэг л дүрмийг заавал мөрд уучлахаас нааш төмсөө яавч хаяж болохгүй. Удах тусам төмс муудаж илжрэх болно. Та уучилж илжэрсэн төмснөөсөө салхууэсвэл өмхий ханхлуулан биедээ аваад л явах уу гэдгээ тунгаан бодоод шийд.
Та төмс авч явахгүй байсан ч төмснөөс илүү зовиур болох гомдолын хүндүүрийг зүрхэндээ тээсээр байгаагаа мэдэхгүй байгаа юм биш биз. Үүнийгээ та уучилж байж л юу тээж явснаа мэднэ. Зүрх хичнээн хөнгөн амгалан болсныг тэр үед л ойлгох болно. Туршаад нэг үзээрэй.
ЯАДАГ ЮМ БУРУУГАА ХҮЛЭЭЧИХ ЭЭ
Анханаасаа л буруугаа буруу гэж мэдэхгүй зөв гэж бодож байсан бол буруу байснаа мэдсэн дариудаа буруугаа хүлээчихэд нэг их шалдаан буугаад байгаа юм үгүй. Буруугаа үнэнээсээ хүлээн зөвшөөрч чаддаг хүн бүхнийг ухаантай гэж ойлгож болно. Буруу байснаа дотроо мэдсэн байж өөрийгөө өмөөрч гүрийх чинь харин чамайг ухаантай лав бишийг чинь батлаж байгаа юм.
Ухаантай биш болцаана нь юу үлдэх бол? Өөрийх нь нөгөө итгэлтэй байсан үзэл буруудахаар буруугаа хүлээхээсээ ичиж булзайруулах юмуу эсвэл минийх л зөв гэж худлаа батлах гэж бүр буруутаж улам эвгүй байдалд өөрийгөө оруулах шаардлага байна уу? Ийм байдал давтагдан хуримтлагдвал таныг нөхцөл байдал улам худалч хуурамч болгоно шүү. Анханаасаа л буруугаа нүүр бардам хүлээж чаддаг хүн ямар сайхан харагддаг гээч. Сүүлд нь нуух гэж зовох шаардлага ч гарахгүй. Яадаг юм буруугаа хүлээчих ээ. Дэлхий сөнөчихгүй нь лав.
Чамаас болж хүн хохирч, чамаас болж хүн уйлж, чамаас болж хүн зовж байхад чи түүнийг тоохгүй байна гэдэг бол харгис явдал юм. Таны зүрх царцаж байна гэж ойлго. Таных гарцаагүй зөв эсэхийг дахиад нэг нягтлаад үз. Тэр хүний оронд өөрийгөө тавиад нэг үз. Үнэхээр таных зөв байгаад уучлалт гуйх нь бусдын муу занг дэмжсэн болох гээд байж ч магд. Хэрэв тийм бол өөр хэрэг.
ҮР ДҮНГ ЗӨНД НЬ ОРХИ
Хийх зүйлээ л чин сэтгэлээсээ хий. Үр дүнг нь зөнд нь орхи. Хэт их найдлага чамайг сэтгэл дундуур болгох нь элбэг. Үр дүнг хэт их горилох нь Эгогын том илрэл. Өнгө мөнгөөр, өнөө маргаашаар,нүдэнд харагдаж байгаагааар бүхнийг бүү хэмж. Өнөөдөр жимс тарьчихаад маргааш ургацаа хураах гэж сагс барин зогсохоо боль. Бүх зүйлд цаг хугцаа байдаг юм. Бүү яар. Хийсэн л бол үрийг нь эдлэдэг нь гарцаагүй.
Цаг хугцаа бүгдийг харуулах болно. Үйлээ л үнэн сэтгэлээсээ хийгээд бай. Одоо байгаа амьдралаа хүлээлтээр бүү соль. Үр дүн нь хүссэн хэмжээнд хүрсэн ч хүрээгүй ч хамаагүй. Зүгээр л ажил үйлээ чинь сэтгэлээсээ хий. Үйлийг чи үнэн хийсэн бол үр нь гарах нь үнэн бүү эргэлз. Үр дүнг горилсон сэтгэлд л зовлон шанлал үүрээ засч,өсөж бойждог юм. Ирээдүйг хүлээн дундуур явалгүй одоо дүүрэн бай.
АМЬДРАЛЫГ ДАГАЖ БҮҮ САВЛА
Та өнгөрсөн амьдралаа эргээд нэг ажиглаад үзээрэй. Зовлонтой хэцүү үе байсан яаж ийж байгаад болоод л өнгөрчихсөн нэг л мэдэхэд жаргалтай сайхан цаг ирчихсэн байдаг. Жаргалтай сайхан үе бас байсан урсаад л өнгөрсөн нэг л мэдэхэд гуниглачихсан явж байдаг. Мөн удахгүй аз жаргал дахиад л ирчихсэн байдаг. Өнгөрсөн амьдрал тийм л байсан. Ирээдүйн амьдрал ч бас тийм л байх болно. Яагаад гэвэл энэ бол амьдрал юм. Хорвоо юм. Одоо танд зовлон байгаа бол удахгүй л алга болох болно бүү шанала.
Одоо танд жаргал байгаа бол хэзээ нэг цагт алга болох болно бүү онгир. Амьдрал байнга дүүжин шиг савлаж байдаг юм. Дагаж савлахгүй луужин шиг тогтуун бай. Хэдэн өдөр таны зүрхэнд зовлон хоноглоод явна. Өөр хэдэн өдөр зүрхэнд чинь жаргал ч бас өнжөөд буцна. Та байдгаараа л байна. Зовлонд уйтгарлаж, жаргалд ташуурснаар амгалан тайван байна гэж ер үгүй. Энэ савалгааг л дагаж савлалгүй юу ч болж байсан амгалан тайван байж сур.Та сэтгэл хөдлөл биш.Та бол цэвэр тунгалаг ухамсар.
Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн