“Ноёд”группын захирал Г.Буяндоржийг эрэн сурвалжилж байна хэмээн цагдаа болон прокурорынхан мэдэгдээд байсан.
Гэтэл тун удалгүй түүнийг эхнэр Т.Ариунаагийн хамтаар барилгын хашаанд нуугдаж байхад нь УМБГ-ынхан баривчилан саатууллаа гэх мэдээллийг дахин хуулийн байгууллагаас цацсан. Харин тухайн үед Г.Буяндоржийн туслахаар ажилладаг Г гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид гурав хоног саатуулж байгаад өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байна.
Түүнийг чухам яагаад баривчиллаа гэх мэдээллийг хуулийнхан олон нийтэд цацав гэдэг нь хачирхалтай. Анх түүнийг бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн энэ оны нэгдүгээр сараас эхлэн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаад түүнд эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг нь Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэн шалгаж эхэлсэн. Гэтэл тун удалгүй Г.Буяндоржийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар шалгаж эхэллээ гэх мэдээлэл ч гарч байсан. Тухайн үед зарим хүн яахаараа түүнийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт шалгадаг юм. Г.Буяндорж мөрөндөө мөрдөс зүүгээгүйгээс хойш тэнд шалгах учиргүй хэмээн хэлж байсан.
Түүнчлэн прокурорын байгууллагаас “Бид Г.Буяндоржийг эрэн сурвалжлаагүй” гэх тайлбарыг хийснээс хойш гавьяат Т.Ариунаа “Манай нөхрийг баривчилсэн гэх мэдээлэл нь худлаа, төлбөртэй мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байна” хэмээн сэтгүүлчдийг хөөрхөн шоглоод авсан. Үүгээрээ дамжуулан хэвлэл мэдээлийнхнийг “Бидний нэр төрд халдлаа, бизнест маань асар их саад учруулсан. Удахгүй хуулийн байгуулагад төлбөртөй мэдээлэл өгөөд байгаа Билэгттэй нь хамт шалгуулах болно” гэж олон нийтэд өөрсдийнх нь нэр төрд халдсан мэтээр ойлгуулаад авсан юм.
Гавьяатын хэлсэнчлэн буруугүй гэгдэж байсан Г.Буяндоржийг нь УМБГ-аас шалгах биш Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газраас шалгаж байгаа үнэн бололтой.
Учир нь Г.Буяндорж 2008 онд орлогын албан татвараас зайлсхийхдээ төрийн цагдаа нарт авлига өгсөн нь нотлогдож гэмгүй мөрөөрөө ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид түүнээс хахууль авсан гэх хэргээр шоронд илгээгдэж, ноён Г.Буяндорж өөрөө уснаас хуурай гарч ямар ч ял зэмгүй үлдсэн нэгэн билээ.
Тодруулбал түүний Дархан-уул аймагт үйл ажиллагаа явуулдаг байсан “Ноёд” групп онцгой албан татвараа тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийхдээ тус аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт хахууль өгснийг нь илрүүлж тэдэнд таван жил хорих ял оноож мөн таван сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгож байсан.
Харин улсын яллагч Ё.Сагсай Б.Буяндоржийг бусдад 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар хоёр жил, онцгой албан татвараас зайлсхийсэн хэрэгт нь, нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 166.2-т зааснаар зургаан жил, нийтдээ найман жилийн хорих ялын дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх эл хэргийг хэлэлцээд 5.6 жил хорихоор зүйлчилсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хурлаар дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гашуун түүх байдаг юм.
Харин хуулийн байгууллагын нөхөд нэр нөлөө бүхий хүмүүсийн нөмөр нөөлөгт удаан байсан одоо түүний хэргүүдийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй байгаа учраас олон хүчний байгууллагаар дамжсан нь үнэн хэмээн хэлж байсан юм. Түүний өдгөө сенсаацалж буй хэрэг нь өнөөх л Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэг. Мань зальт эр олон жил цагдаа шүүхээр явж байгаа уг хэргээ дарахын тулд төрөлх нутгийнхаа /Сэлэнгэ/ шүүх, прокурорынханд авлига өгч хэргээ дарсан байж болзошгүй аж.
Тиймээс мөрөндөө мөрдөс зүүсэн хүмүүсийг шалгадаг газар нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар тул дээрх газрын алба хаагчдыг авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэргийг нь УМБГ-аас татаж Прокурорын дэргэдэх мөрдөнд шалгаж эхэлсэн байна.
Ямартай ч ардаа том асаалттай танктай гэгдэх Г.Буяндорж энэ удаа хуулийг давж гаран гууль болгож чадахгүй бололтой. Хамгийн хатуу чанга гэгддэг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар түүнийг албадан саатуулсан байхад хэр баргийн аавын хүү тэр болгон суллагддаггүй гэж цагдаа нар хүртэл өөрсдөө ярьж байна.
Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан цагдаагийн алба хаагчдад хахууль өгсөн хэрнээ хэргийн гадна үлдэж чадсан Г.Буяндоржийг энэ удаа төрийн хууль өршөөхгүй байлгүй дээ.