Малынхаа ноос ноолуурыг ашиглан эсгий хийх, эсгийгээрээ гэр бүрэх, ширдэг ширэх, уут сав оёх, оймс гутал шидэх, морь тэмээнийхээ эмээл нөмрөгт зөөллөн тохом хийх зэргээр өргөнөөр ашигладаг уламжлал Азийн нүүдэлчин үндэстнүүдийн дунд эртнээс бий болсон байдаг. Үүний нэгэн тод жишээ нь Киргизийн ард түмэн билээ.
Эсгий хийх явцдаа будаг суулган бэлтгэсэн өнгө өнгийн хонины ноосоо хээ гарган үрж тавиад эсгийдэн эсгий хивс болгодог хуучны гар урлал бол Киргизүүдийн бахархал бөгөөд ийм төрлийн эсгий хивсийг Ала Кийз гэж нэрлэдэг заншилтай. Харин эсгийн дээрээ ноосон утсаар хээлэн ширж бүтээсэн ширдгээ Киргизүүд ширдак хэмээн нэрлэдэг нь Монголчуудын хэлдэг ширдэг гэсэн үгтэй адил дуудлагатай нь сонирхолтой. Эсгий хивс, ширдэг хийх ур ухаан, мэргэжил, хэлбэр дизайн, амьдрал дээрх төрөл бүрийн хэрэглээ гээд энэ олон зүйл нийлж “эсгийн соёл”-ыг бий болгожээ.
Киргизд хүмүүсийн өдөр тутмын аж амьдралд эсгий ихэд өргөн хэрэглэгдсээр иржээ. Эсгий хивс, ширдгээр гэрээ дулаалж, ханаа чимж болно. Эсгий эдлэлийг хийж бүтээхэд олуулаа хүчээ нэгтгэн хамтдаа оролцох шаардлагатай байдаг төдийгүй энэ байдлаас хуучны ур мэргэжил олны дунд мартагдалгүй хадгалагдан иржээ. Киргизд эсгий хийх, ширэх, чимэх мэргэжлийг ихэвчлэн уулархаг бүс нутгийн, эсвэл хөдөө тосгоны ахмад насны эмэгтэйчүүд сайн мэддэг бөгөөд тэд мэргэжлээ гэр бүлийнхээ залуу үеийнхэнд зааж уламжлан өгдөг байна.
Хэдийгээр ийм боловч “Ала-кийз”, “ширдак” хэмээх энэ хоёр төрлийн эсгий эдлэлийн гар урлал өдгөө явах тусам хэрэглээ нь багасаж, урлалын арга мэргэжил цаашид уламжлагдахад хэцүү сорилттой тулгарч байна. Эсгий эдлэлийн үйлдвэрлэлд оролцогсод улам цөөрч, эсгий урлалыг бүрэн сайн эзэмшсэн урчууд их төлөв 40-ээс дээш насны хүмүүс юм. Засгийн газраас уламжлалт эсгий гар үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих дэмжлэг хүрэлцэхгүй, бас түүнчлэн залуучууд хуучны уламжлалаа оошоохгүй байгаа, аж үйлдвэржилтээс бий болсон хямд хялбар хийцтэй нэхмэл бүтээгдэхүүн зах зээлд өргөжсөн зэрэг нь уламжлалт гар аргаар бүтээх эсгий эдлэлд улам ноцтой түрэлт болсон байна. Эсгий эдлэлийг бүтээх уламжлалт гар урлалын арга ухааныг хамгаалахгүй бол ирээдүйд мартагдан гээгдэх аюултай гэж эх сурвалжид тэмдэглэжээ.
Киргизүүд эсгий хийх, эсгийгээр хивс ширдэг мэтийн эдлэлийг урлаж бүтээх арга уламжлалаа ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлд бүртгүүлжээ.