-Нэр бүхий хоёр эрхмийн цагдан хорих хугацааг сунгаж, яллагдагчаар татахаар зэхэж буй гэнэ-
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өнгөрсөн сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорих арга хэмжээг авсан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай. Тэгэхээр энэ заалтын дагуу тэднийг өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Түүнчлэн хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж, хоёр cap хорих хуулийн үндэслэлтэй. Тэгвэл нэр бүхий хоёр эрхэм өнгөрсөн баасан гарагт өмгөөлөгчдөөрөө дамжуулан нийслэлийн Прокурорын газарт батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгөхийг хүссэн утгатай хүсэлт гаргажээ.
Ямартай ч прокурорын байгууллагаас тэдний гаргасан дээрх хүсэлтийг өнөөдөр шийдэх юм. Хууль хяналтынхны зүгээс тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаад буй. ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид уг асуудлыг дахин шалгаж, тухайн үеийн УИХ-аар орж байсан бичиг баримт болон ямар үндэслэлээр замын өртөг нэмэгдсэн, үнэхээр энэ асуудалд Б.Гарамгайбаатар эрх мэдэл, албан тушаалаа ашигласан эсэх зэргийг тогтоосны дараа ийнхүү саатуулах болсон аж.
Мөн Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татсанаас гурав хоногийн дараа буюу өнгөрсөн сарын 24-нд түүний хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг дээрх хэрэгт холбогдуулан АТГ-аас дуудаж, байцаалт авсан билээ. Учир нь Г.Тэнгис нь “Монроуд” компанийн захирлаар ажилладаг бол, дүү Б.Оюунцэцэг нь тус компанийн нягтлан бодогч юм байна.
Харин шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888” гэх олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг. Түүнийг шалгах болсон шалтгаан нь гэвэл Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж байх явцад олон тэрбум төгрөгийн но-той асуудлууд гарч ирсэн учраас ийнхүү шалгах үндэслэл нь болжээ.
Өөрөөр хэлбэл, салбар яамны сайд байх үедээ гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр түүнд ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтнээр татах болсон нь энэ аж. Дараагийнх нь шалгагдах хүмүүс хэн бэ
Хууль хяналтын эх сурвалжийн хэлж буйгаар Хөгжлийн банкинд томилогдсон ажлын хэсгийнхний хийсэн шалгалтаар дээрх хоёр эрхмээс гадна хэд хэдэн нөлөө бүхий улстөрчид шил шилээ даган шалгагдахаар зэхэж буй аж. Тиймээс Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын цагдан хорих хугацааг сунгаж, сэжигтэн бус яллагдагчаар татах магадлалтай хэмээн мэдээлж байна. Хэдийгээр тэдний гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй байгаа ч бондын хөрөнгийг үргүй зарсан, Засгийн газрыг залилан мэхэлж, их хэмжээний мөнгө авсан гэдэг нь мөрдөм байцаалтын явцад тогтоогдоод байгаа гэнэ. Тиймээс прокурорын байгууллагын зүгээс нэр бүхий хоёр эрхмийг саатуулахдаа тодорхой үндэслэл бүхий нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр шүүгчийн захирамжаар хорьсон аж.
Юутай ч Засгийн газарт олонх болсон МАН-ынхан энэхүү бондын хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргийг эцэслэн шийдэхийн тулд тухайн үед Засгийн газарт ажиллаж байсан нөлөө бүхий эрхмүүдийг татахаар зэхэж буй тухай мэдээлэл ч байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийнхэн олон ноцтой зүйлийг хэдийнэ гаргаад тавьчихсан. Тиймээс тус банктай холбоотой асуудлыг нэг мөр шалгаж эцэслэхээр болсон нь олон ч хүнийг хэрэгт татах нөхцөлийг бий болгожээ. Эцэст нь хэлэхэд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын гаргасан хүсэлтийг хууль хяналтын байгууллагынхан хүлээж авах болов уу гэдэг нь анхаарал татах асуудлын нэг болоод байна.
Р.Саруул
Эх сурвалж: “Өглөөний сонин”