Б.Дамдин-Очир
“Хар баасан гариг” мартагдах шахаад байв. Ерөнхийдөө Их зохиолч Д.Нацагдорж гуайн “Хуучин хүү” өгүүллэгийн “шальдар булдар” өдөр хоногууд үргэлжилж байлаа. Харин гуравдугаар сарын 3-ны баасан гаригт Баянзүрх дүүрэгт “бөөн юм” болов.
Дүүргийн Тамгын газрын байранд утаа май болж, цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн гэхэд болно. Учирнь өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 2-нд Хотын дарга Су.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар МАН-ын Э.Бат-Амгаланг батламжилсан. Будлиан бужигнааны үндэс нь энэ.
Өөрөөр хэлбэл, Хотын даргын энэ шийдвэрийг эсэргүүцсэн Баянзүрх дүүргийн АН-ынхан, шинэ Засаг даргын тамгыг хүлээлцүүлэх үүрэгтэй очсон цагдаагийнхан хоёр мөргөлджээ.
Мөргөлдөөний дараа цагдааг идэвхтэй эсэргүүцсэн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн зарим хүнийг баривчилж хорьсон мэдээлэл байна.
Энэ мөргөлдөөний тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд“…Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоорбүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөөлөгчийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэрдэвшүүлсэн Э.Бат-Амгаланг Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон” гэлээ хэмээн дурджээ.
Харин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тус дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа шал өөр тайлбарыг хэл жбайгаа юм. Тэрээр “…2016 оны дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд нийт 41 мандаттай сонгуулиас АН 22, МАН 19-н төлөөлөгчтэй болсон. Сонгууль эхний санал хураалтаараа ирц хүрээгүй. Нийт 28 хороотой. Үүний 24 хорооны ирц хүрээгүй. Дахин санал хураалт явагдсан. Сонгууль нэлээд ачаалалтай, дээрээс нь намар болдог учраас ирц багатай сонгууль болсон.
Аравдугаар сарын 23-ны өдөр сүүлийн буюу хоёр дахь санал хураалт болсон. Аравдугаар сарын 24-ний өдөрБаянзүрх дүүргийн сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргасан байдаг. Энэ зургаан нэр дэвшигчийг хассан тогтоолоо нууцаар үйлдээд АН-д ч мэдэгдсэн зүйлгүй нээлттэй бусаар зүгээр л тогтоол гаргаад дарчихсан. Анхдугаар хуралдаан хуралдах болоход МАН-ын төлөөлөгч нар орж ирэн зургаан хүнийг хассан гээд нөгөө тогтоолоо танилцуулсан. Дүүрэг дээр болохоор АН-ын 22 төлөөлөгч сонгогдсон байдаг. Буруутай нь шүүхээр тогтоогдвол дараа нь нөхөн сонгууль зарлаж болох ийм хуулийн зохицуулалттай. Гэтэл үүний дэс дарааллыгөөрчлөн сонгуулийн хороо нь урьдчилаад хүмүүсээ шүүхийн шийдвэр гараагүй байхад өөрөө мэдээд хассан. Тэдхуулийг буруу тайлбарлаж дүүргийн 41 төлөөлөгч биш 35 төлөөлөгчтэй гэдэг тайлбар тавиад байгаа. Баянзүрхдүүргийн сонгуулийн хороог ахалж байгаа дарга нь Хотын даргын томилдог субъект. Тиймээс анхнаасаа сонгуульзохион байгуулахад илэрхий нэг талд ажилласан. Үүнийг нотолсон бичлэгийг олон нийтэд ил болгоно. Цагдаагийн байгууллагыг ашиглаад дүүргийн Сонгуулийн хорооны дарга яаж сонгуулийн ажлаасаа зугтааж гарч байгаа нь бидэнд баримтаараа байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд надад өнөөдөр албан ёсоор Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн хоёрдугаар сарын 6-ны өдрийн тогтоол байна. Энэ тогтоолд Ганчимэгийг нэрсийн жагсаалтаас хасаж болохгүй гэсэн шийдвэр нь гарсан. Гурван шатны эцсийн шүүхээр эдгээр АН-ын нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасаж болохгүй гэсэн шийдвэрүүд гарсан. АН ялчихсан ч тэд хяналтын шат руудавж заалдсан байдаг. Гэсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа. АН-ын нэр дэвшигчдийн гэм буруутай нь тогтоогдсонгүй гэдэг шүүхийн шийдвэрүүд зургаан тогтоол дээр гарсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АН-ын төлөөлөл 40-өөд шүүх хуралд орлоо. 40 шүүх хурлын бүх шийдвэрүүд АН-ын талд гарсан.
Шүүхээс ийм шийдвэр гарчхаад байхад Нийслэлийн Засаг дарга нь Э.Бат-Амгалан гэдэг хүнийг Баянзүрх дүүргийнЗасаг дарга гээд тамга тэмдгийг өгчихлөө” гэлээ.
Эндээс үзвэл бүх шатны Захиргааны шүүхээр баталгаажсан АН-ын 22, МАН-ын 19 төлөөлөгч Баянзүрх дүүргийн ИТХ-д байгаа юм байна. Харин ахлах зөвлөхийнх нь хэлснээр Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан болж таарлаа.
Түүнчлэн үүнтэй төстэй нэгэн үйл явдал өчигдөр дахин боллоо. 2017 оны хоёрдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаас энэ жил болох хурдан морины уралдааны товыг тогтоосон юм. Үүгээр хамгийн түрүүнд“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны гуравдугаар дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийнАргалант сумын нутаг Цагаан хөтөлд болно гэж заасан. Гэтэл энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шийдвэр гаргав. Уг шийдвэрт “…Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” НҮТББ-уудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нараас гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар холбогдох нотлох баримтуудыг үндэслэн захиргааны актын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг баталсан тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 5-ны өдөр товлосон хэсгийг түдгэлзүүлж, Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 03 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах ажлыг уг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд зогсоох нь зүйтэй байна гэж үзэв” гэжээ. Өөрөөр хэлбэл, Захиргааны шүүх өвлийн морин уралдааны хориглочихож. Гэтэл өчигдөр “Дүнжингарав-2017” өвлийн морин уралдаан товлогдсоноороо болов.
Баянзүрх дүүрэг дээр Э.Бат-Амгаланд тамга авч өгөхөөр дүрэмт хувцасныхаа энгэр дээрх нэр, хувийн дугаараа авчихаад очиж “журам сахиулсан” цагдаагийнхан өчигдөр болсон “Дүнжингарав-2017” уралдааны үеэр хэв журмыг мөн сахиулав. Гэхдээ цагдаа гэдэг хөөрхий, “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” хэмээн олон хүн хэлж байна. Энэ ч үнэний ортой дог. Тэднийг шүүхийн шийдвэрийн эсрэг ажиллуулж байгаа “цаад эзэд” бий.
Энэ нэг зүйлийг тодруулахад, “Дүнжигарав-2017” морины уралдааны товыг нь Засгийн газар гаргаж өгөөд, ММСУХуралдааныг зохион байгуулдаг. Шүүх тэрхүү тов гаргасан захирамж дахь өчигдрийн уралдааныг хүчингүй болгосонбайдаг. Гэтэл уралдаан болов.
Мөн Баянзүрх дүүргийн тухайд 2016 оны Орон нутгийн сонгуулиар АН тус дүүрэгт 22 суудал авсан буюу олонх болохыг шүүх бас л баталж өгсөн байна. Гэтэл Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ялагдсан намынх нь буюу цөөнхөөс нь Засаг дарга болгочихжээ.
Тэгэхээр Баянзүрхийн түйвээн ба Дүнжингаравын хурдаас нэг л зүйлийг олж харлаа. Засгийн газрын тогтоол, Хотын даргын захирамж зэрэг захиргааны актууд Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хөзрийн тамга шиг нам дардаг цаг ирснийг үзлээ.