Найрсаг соёлын ажиллагаа-Нөхөрлөлийн нандин холбоо

Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян–IV, Улаанбаатар – Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ Монгол Улсын Улаанбаатар, Хэнтий аймагт 8 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Улс орнуудын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Монгол Улс, Орос, Франц, Америк зэрэг улс оронд соёлын цуврал арга хэмжээг удаа дараалан зохион байгуулсаар ирсэн билээ. 2014 онд Өвөр Монголын соёлын цуврал арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын Архангай, Дархан аймагт ээлжит тоглолт хийж байлаа. Өнгөрсөн жил мөн Хөвсгөл, Булган аймагт амжилттай болж өнгөрсөн.


Энэ жилийн соёлын арга хэмжээг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос эхлүүллээ. Соёлын үйл ажиллагаа нь уран бичлэг, гэрэл зураг, номын үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үзэсгэлэн, УR “Үзэсгэлэнт Хятад орон”, Хэвлэл мэдээллийн форум, урлагийн тоглолт зэрэг өргөн баялаг хүрээнд зохиогдсон юм.

Соёлын өдрүүдийн нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, БНХАУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулах хэлтсийн орлогч дарга Цүй Юй Ин, ӨМӨЗО-ны Суртал ухуулах хэлтсийн дарга Улаан нар оролцов. Улмаар хэвлэл мэдээллийн форумд Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба зэрэг удирдлагууд оролцож энэхүү арга хэмжээг нэн өндөр түвшинд хүргэлээ. Улаанбаатар хот, Хэнтий аймгийн захиргаа, удирдлагууд зочдыг дээд хэмжээнд хүндэтгэн халуун дотноор угтан зочилсон юм.


Наймдугаар сарын 18-ны өдөр. Монгол Улсын Соёлын Төв Өргөөний хананд эгнүүлэн өлгөсөн монгол уран бичлэг, танхим дүүрэн дэлгэгдсэн Өвөр Монголын амьдрал ахуй, зан заншлын зураглал бүхий гэрэл зургууд, соёл боловсрол, шинжлэх ухаан, монгол эм эмнэлгийн ном бичгүүд хурсан олны мэлмийг мялаалаа.

Өнгөрсөн жилээс ялгаатай тал гэвэл энэ удаад биет бус соёлын өвийн үзэсгэлэнг зохион байгуулсан нь хүмүүсийн анхаарлыг их татаж байсан юм. Монгол Улс-Өвөр Монголын соёлын цуврал арга хэмжээ энэхүү уран бичлэг, гэрэл зураг, номын үзэсгэлэн, биет бус соёлын өвийн үзэсгэлэн, УR “Үзэсгэлэнт Хятад орон” үзүүлбэрээр эхэллээ. Мөн тухайн өдрийн үдэш Соёлын Төв Өргөөнд Хөлөнбуйр хотын “Таван тансаг” хүүхдийн найрал дууны хамтлагийн 30 хүүхдийн тоглолт болж Улаанбаатарын иргэдийн сэтгэлийг хөдөлгөв.

“Чандмань эрдэнэ” дуугаараа олноо танигдсан Өвөр Монголын нэрт дуучин Бүрэнбаяр, Урнаа охинтойгоо дуулсан бөгөөд “Алсад суугаа ээж” дуугаараа Монгол Улс, Өвөр Монголд ч аль алинд нь алдаршсан Уудам хүү хүрэлцэн ирж дуулсан нь хүмүүсийн сэтгэлийг улам ч ихээр догдлуулж байлаа. Дашрамд дурьдахад, “Таван тансаг” хүүхдийн найрал дууны хамтлагийн хувьд өнгөрсөн жил Хөвсгөл, Булган аймагт хүмүүсийг гайхширтал сайхан тоглолт хийж байсан юм. Улаанбаатар хотын иргэн, наян насыг зооглосон буянтай “ээж” н. Дулмаа тоглолтыг сонирхоод:- Үнэхээр санаанд оромгүй сайхан тоглолт боллоо. Миний Монголын үрс ийм л авьяаслаг, суу билэгтэй, содон ухаантай хүмүүс байдаг. Сэтгэл маш их догдоллоо. Үзээд ханашгүй сайхан тоглолт байна гэж нулимс бөмбөрүүлэн ярьж байлаа. “Таван тансаг”-ийн тоглолт Монголын үзэгчдийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ хүртсэнээр барахгүй үндэстний урлаг соёлын гайхамшигт сайхныг үзэгч олноо хүргэсэн юм.


Наймдугаар сарын 20-ны өдөр. “Хятад улсыг танин мэдэх Монгол Улс дахь аян– IV, Улаанбаатар – Өвөр Монголын соёлын өдрүүд” арга хэмжээний чухал агуулгын нэг болох Хятад, Монголын Хэвлэл мэдээллийн форум Монгол Улсын Хэнтий аймгийн Чингис хотноо болов. ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж баярын цахилгаан ирүүллээ.


Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсын Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулах хэлтсийн орлогч дарга Цүй Юй Ин, ӨМӨЗО-ны Суртал ухуулах хэлтийн дарга Улаан нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

        Б.Галаарид: – Өмнөх форумуудаар хурлын төлөөлөгчид Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийнхний харилцаа, хамтын ажиллагааг ахиулахад идэвхтэй нөлөө үзүүлж байгаа талаар гүнзгий судлан ярилцаж, хоёр улсын харилцааны тухай сайн сайхан мэдээллүүдийг түгээсэн байна. Энэ удаагийн форум Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно гэлээ.

        Цүй Юй Ин: – Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, маш өндөр амжилтад хүрсэн ба хоёр орны хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг ахиулах чухал тавцан болсон. Хоёр улсын хэвлэл мэдээллийнхэн, хоёр улсын харилцааны хөгжлийн замаар Хятад, Монголын нөхөрсөг хөгжлийн сайн сайхан мэдээллүүдийг дамжуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны түвшинг шинэ ажимжилтад хүргэнэ гэжээ.

Дарга Улаан: – Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь Өвөр Монгол болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн харилцааг зузаатгаж, цар хүрээ, хэлбэр маяг олон янзын харилцаа хамтын ажиллагааг бий болгосон байна. “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалт зэрэг стратегийн чухал бодлогын дагуу хоёр тал эдийн засаг, нийгэм, соёл, экологи зэрэг сэдвээр тусгай сурвалжлагын ажил зохион байгуулна. Хятад, Монголын иргэдийн амьдрал нөхөрлөлийн тухай сайн сайхан мэдээллийг дамжуулна гэж мэдэгдлээ.

        Форумын үеэр мөн Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч илтгэл тавьлаа.


Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын 30 хэвлэл мэдээллийн байгууллагын 90 гаруй төлөөлөгчид оролцов. Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Өвөр Монголын Радио Телевиз, МОНЦАМЭ агентлаг, МNВ зэрэг хэвлэл мэдээллийн төлөөлөгчид “Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээе” сэдвээр илтгэл тавьсан юм.

        Энэ удаагийн форум нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилсны хоёр жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа хамгийн сайн сайхан түүхэн үедээ орсон гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна.


Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум анх 2010 онд зохион байгуулагдсан цагаасаа хойш хоёр улсын нөхөрлөлийг зузаатган, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх тал дээр гүүр болж байгаа юм. Зургаан жилийн турш хоёр тал олон талын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, өргөн цар хүрээний хамтын ажиллагааны системийг байгуулсан байна.

Сарангэрэл

Эх сурвалж: solongonews.mn

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …