Миний мэргэжил – Миний бахархал

Дурсамж бүхэн минь дулаан мэдрэмж төрүүлдэг…

Тэртээх 30аад жилийн өмнө хөдөөний эгэл борхон охин багийн төвийн том цагаан байшингийн хаалганд тоосгоор үсэг, тоо бичин нутгийн багачуудад хичээл заан багш болон тоглож байсан гэгээн үе минь сэтгэлд хоногшин үлджээ. Том цагаан төмөр оосорт олон түлхүүр хийчхээд л хаа ч явсан түүнийгээ барьж, өрөө өрөө онгойлгож байна хэмээн төсөөлөн явдаг байж билээ. Түүнийг ээж минь харчхаад миний охин их л олон өрөөтэй газар ажиллах нь дээ гэдэг сэн.

Аливаа юм сонин сайхан учрал тохиолдлоор бий болж,  бүтдэг нь хачирхалтай. Магадгүй бага насны зөнгөөрөө тэгж их тоглодог байсныг үгүйсгэхгүй. Ямартаа ч олны өмнө дуулж бүжиглэн, шүлэг уншиж, үлгэр ярих дуртай нэгэн байсан.

Гэвч 10 жилийн сурагч болсон үеэс хүүхдийн гэнэн, сониуч зангаар олон мэргэжил сонирхож, тэр мэргэжил бүрээ оюун ухаандаа төсөөлөн бодож мөрөөдөж, мөрөөдөлдөө автан бяцхан зүрх сэтгэлдээ дүүлэн нисдэг охин байв.  Он цаг өнгөрч оюутан болох үед сэтгүүлч эсвэл найруулагч  болно хэмээн боддог болж тийм дээ ч хөдөөнөөс ижийтэйгээ аймагт ирж ЭЕШ-таа өгч  МУИС-д “Монгол хэл, уран зохиол” судлаач, багш гэсэн мэргэжлийг сонгож билээ.

Үндсэн хэсэг

Шавийн эрдэм багшаас  

                         Зулын гэрэл тосноос…

…Оюутан болж олон сайхан эрхэм багш нараар хичээл заалган, лекцийг сонсож байсны дотор уран зохиолын алдарт шүүмжлэгч, судлаач Билигсайхан багшийн лекц хачин сайхан хэзээ ч дахин давтагдахгүй мөч байдаг сан. Багшийн энгийн ярьж байгаа бүхэн эгэлгүй мэт санагдаж, уран зохиол, утга зохиол судлал, шүүмжлэл ямар их үнэ цэнтэйг ойлгож билээ. Багын уран зохиолын ном уншиж, шүлэг оролдож байсан гэгээн хүслийг минь дандаа хөглөж, багш хүн ямар их нөлөөтэйг тэр буурал багшаасаа суралцаж билээ. Магадгүй энэ мөчөөс багш болох хүсэл төрсөн байж мэднэ. Ингээд сургуулиа төгсөн судлаач мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч үнэндээ тийм ажлын байр надад олдоогүй тул ижий, аавынхаа зөвлөснөөр, эрхэм багшийнхаа эерэг нөлөөгөөр багш мэргэжлээр ажиллаж билээ. Дурсамж бүхэн гэгээн сайхан байг ээ…

“Хүүхэд залууст сайн сайхныг заагч бол хүн төрөлхтөнд сайн сайхныг заагч мөн” /Лейбниц/

Анхны жилдээ ажиллаж байгаа хүн ардын багштай адил гэдэг бас үнэн үг шүү…     Их ч омголон, их ч шаардлага өндөртэй байж…

Хичээл заана гэдэг нэг өөр, анги удирдан ажиллана гэдэг тэс өөр болохыг анх анги аван ажиллаж байх үедээ илүү мэдэрсэн дээ. Багш хүний жинхэнэ жаргал, зовлон, баяр, гуниг ангийн хүүхдүүдтэй ажиллахаас эхэлдэг юм билээ. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг л  мэдэхэд анги маань 9-р анги болж САШ сагсны тэмцээнд орж билээ. Сургуулийн сурагчдын хувьд хамгийн өрсөлдөөнтэй, дурсамж үлдээдэг чухал тэмцээнүүдийн нэг. Энэ тэмцээнд даасан анги маань ганцхан онооны зөрүүтэй хожигдож, медальгүй хоцрон ангидаа орж ирэхэд  хор шартай нэгэн хүү хожигдсондоо уурлаж, муухай үгээр нэгнийгээ хэлэхэд: – Би чамтай хэрэлдэж муухай үг хэлэхгүй ээ, багшийгаа байхад тийм үйлдэл гаргахгүй гэж хэлээд цүнхээ үүрээд -Уучлаарай багш аа гээд гарч билээ. Энэ үг дөнгөж их сургуулиа төгсөн багш болох гэж хичээн яваа миний зүрх рүү минь ёстой л зүүгээр хатгах мэт тусаж, би багш, би ангийн багш, би өнөөх их сургуулийн багш шиг хүндлэл хүлээж чадах юм байна гэсэн асар их итгэл, хүч, хүндлэл болж тусаж билээ. Одоо ч арван хэдэн жил ажиллахад шантрах сэтгэлээр унах, ядрах, ямар ч үед тэр шавилхан биетэй ч хүндлэл нь хөх тэнгэрийн дайтай тэр хүүгийн хэлсэн багшийнхаа хажууд муухай үг хэлэхгүй ээ хэмээх үг бодогдож, тэр ганц өгүүлбэрээс асар их хүндлэлийг мэдэрч, ажиллах эрч хүч, урам зоригийг авч, чин сэтгэл, зүрхнээсээ  ажиллах ёстой юм байна, намайг энэ олон хүүхдийн итгэл найдвар, хиргүй тунгалаг харц харж байгаа хэмээн бодож ажиллаж, амьдарч байна даа. Анхны алаг нүдэн шавь минь багш нь чинийхээ тэр үгээр  олон жил жигүүр хийн ажиллаж байгаа. Гялайлаа…

Хэдийгээр тэгж хэлээгүй ч багшийгаа ойлгон яг тийм харцаар харан суудаг хүүхдүүдийг  хайрлаж бас тэр хүндлэл, хайрыг одоо ч мэдэрсээр байдаг даа…

Дүгнэлт

“Хязгааргүй нөлөөтэй, хязгааргүй үнэ цэнэтэй, хязгааргүй гэгээн миний мэргэжил”

Багш хүн хязгааргүй нөлөөтэй байдаг. Энэ нөлөө нь хаана, хэзээ дуусахыг хэн ч хэзээ ч мэдэхгүй. /Хэнри Вард/ ийм онч үг байдаг нээрэн л огт анзаарахгүй болов уу гэсэн зүйлийг хүүхэд аль хэдийнээ анзаарч дуурайж хүмүүжсэн байдаг. Бид тийм л хязгааргүй, хязгааргүй нөлөөтэй нэгэн… Бидний үг, үйлдэл бүр үнэ цэнтэй бас нөлөөтэй бас хязгааргүй…

Нийгмийн ороо бусгаа энэ үед багш хийх, тэр тусмаа анги удирдан ажиллах хэцүү хүнд байгаа. Гэвч миний охин, миний хүү өмнө минь суугаад гэгээн тунгалаг алаг нүдээрээ хорвоо ертөнцийг багшийнхаа ярьж хэлж, зааж буйгаар төсөөлөн суугаа даа хэмээн бодож, “өөрийгөө удирдахдаа толгойгоо, бусдыг удирдахдаа зүрх сэтгэлээ сонсон байж, сонгосон мэргэжлээрээ бахархан, жаргал дүүрэн, харц дээгүүр алхаарай. Багш та бол хүүхэд шуугьсан их өргөөний эзэн нь юм шүү…

Түлхүүр шажигнуулан, тоосгоор хаалган дээр бичсэн хөдөөгийн жаалхан охины зөнтэй мэт тоглоом нь багш мэргэжил байж дээ.

Өөрөө урсаж
Өрөөлийг гэрэлтүүлдэг
Өөхөн дэнгийн гэрлийг санаж
Өөдрөг гэгээн бүхнээр бяцхан шавь нараа гэрэлтүүлээрэй…

Улсын тэргүүний 48-р сургуулийн МХБУЗ-н багш Б.Пунсалдулам

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …