Өнгөрөгч 2016 оны есдүгээр сарын 6-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд 7 настай хүү Т цахилгаанд цохиулсан байдалтай нас барсан хэрэг гарсан. Тухайн үед цагдаагийнхан хэргийн газар очиж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэй болон уг хэргийг захиалгаар үйлдсэн гэх 1998 онд төрсөн Б нарыг цагдан хорьсон юм.
Тэгвэл өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байсан тэдний хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Уг хэргийн талаар эргэн сануулахад, талийгаач хүүгийн эцэг, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ц нь 1992 онд төрсөн С-тэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан бөгөөд улмаар С нь өөрөөсөө олон ах хүнийг гэр бүлээс нь салгах зорилгоор түүний 7 настай хүүг 1998 онд төрсөн, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан Б-д мөнгө амлаж, захиалгаар хөнөөлгүүлсэн байдаг.
Хүүгийн аминд хүрсэн Б нь 18 настай, өнгөрсөн жил арван жилийн сургууль төгссөн ба тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн байжээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа С-д Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д заасан үндэслэлээр ял төлөвлөж байгаа аж.