С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг тогтоолоо, одоо ЗАХИАЛАГЧ-ийг зарлаач

19 жилийн өмнө амь насаа алдсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг Монголын хууль, шүүх, хүчний байгууллагууд ямар ч тогтоолоо. С.Зориг агсныг Эрдэнэтийн харьяат гурван иргэн бүрэлгэсэн болохыг хоёр ч шатны шүүхээс тогтоогоод байгаа бөгөөд гэмт этгээдүүд С.Зоригийн амь насыг захиалгаар хөнөөснийг илрүүлснээ шүүхээс мэдэгдсэн байдаг. Гэвч захиалагчийн асуудлыг ингээд дарах бололтой. Үүний ард хэдхэн хүн байгаа нь эргэлзээгүй. Тэд олон нийтийн шаардлагыг үл тоон С.Зоригийн хэргийг хаалттай явуулах үүргийг дээрээс өгч, “маш нууц” гэх нэрийн дор С.Зоригийн хэрэгт нэр холбогдсон улстөрчид болон захиалагчдын асуудлыг дэлгэхгүйгээр энэ хэргийг ингээд хаахаар улайрч байна.

Ерөөсөө С.Зоригийн хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай байсныг ямар ч дундаж насны Монгол хүн мэднэ. Улстөрийн нөхцөл байдал ч үүнийг гэрчилнэ. Төрийн эрхэнд гарсан Ардчилсан намынхан авлига, албан тушаалын төлөө яаж алалцаж байсныг түүх хэлнэ. Шүүхээс ч энэ хэрэг захиалагчтайг зарласан. Нөгөө талаас 16-аас 20-н хэдхэн настай залууст С.Зоригийг хөнөөх ямар ч шалтгаан байхгүй байв. Гагцхүү тэд их хэмжээний мөнгө амлаж, ар талыг нь даана гэсэн том захиалагчийн ятгалгаар л үүнийг хийсэн нь тодорхой.

Түүнчлэн С.Зоригийн хэрэгт Монголын хууль, хүчний байгууллагынхан ч оролцсон нь тодорхой байдаг юм. С.Зоригийн амь насыг хөнөөхдөө түүний гэрийн гадаа нэлээд хэдэн өдөр тандалт хийсэн байдаг бөгөөд улстөрийн зүтгэлтнийг гэгээн цагаан өдрөөр гэрт нь эхнэрийнх нь дэргэд хөнөөсөн байдаг.

Үүнээс гадна С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан, энэ хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж байсан хэд хэдэн цагдаа, прокурор учир битүүлгээр амиа алдсан байдаг. Тэгвэл С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор амь насаа алдсан 20 орчим хүний ард Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар байгаа юу. Тэд хийсэн хэргээ нуун далдлах зорилгоор анир чимээгүй амьдарч олон жил бүгжээ. Гагцхүү зарим нэг хүмүүсийн захиалгаар хууль, хүчний байгууллагын нэр бүхий хүмүүс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ул мөрийг баллаж, 10 гаруй хүний амь насанд хүрцгээсэн байх нь. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг болон энэ хэргийн улмаас амь насаа алдсан бусад хүмүүсийн үхлийн хэргүүдийг багцаар нь илрүүлж, энэ хэргийн ард хэн хэн байсныг илрүүлэх ёстой. Хамгийн гол нь, энэ бүхний анхдагч эзэн болох С.Зоригийн амь насыг захиалсан хүнийг үхсэн, амьд алин ч болов тогтоож, олон нийтэд мэдэгдэх учиртай. Тэгж гэмээнэ С.Зоригийн хэрэгт одоог хүртэл нэр холбогдож явдаг зарим хүмүүс нэрээ цэвэрлэж авах бус уу. Эцэст нь хэлэхэд, С.Зоригийн амь насыг захиалагч нь нэг бус нэлээд хэдэн, бүр улстөрийн бүхэл бүтэн том хүчин /нам/ байсан ч хамаагүй зарлах л ёстой, бас олон нийт тэр захиалагчийг хэзээ нэгэн өдөр мэдэх л болно.

Нинж

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …