Дөрвөн настай охиноо хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдаад буй төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг хэргийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ.
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн I прокурорын газраас талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл түүнийг охиныхоо амь насыг аюултай байдалд байхад нь тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад нь мэдээлээгүй гэх хэрэгт буруутгасан байна. Улмаар түүнийг гэм буруутай гэж үзвэл тав хүртэлх жилийн хорих ялаар шийтгэх юм.
Харин талийгаач охины хойд эх 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг нь няцалснаас амь насанд нь хүрсэн хэрэгт шүүгдэгчээр татжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Сануулахад, энэ хэргийг шүүх хурал өмнө нь болж талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтод 24 жилийн хорих ял, хойд эх Г.Маралмаад 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байсан юм. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Цогтыг цагаатгаж, Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж байв.
Тэгвэл Г.Маралмаа энэ шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулсан юм. Тодруулбал, Г.Маралмаа Т.Цогтыг охиныхоо үхэлд холбоотой болохыг нотлох шинэ баримтуудыг хуулийн байгууллагад гаргаж өгчээ.
Ингэснээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг дахин шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, тэндээс яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь энэ аж.