Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн ахмад дайчид, бэлтгэл офицеруудтай уулзаж, батлан хамгаалах бодлогын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, монгол цэргийн дэлхий дахинд гүйцэтгэж байгаа үүргийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Энэ үеэр Хилийн цэргийн хурандаа Ц.Пунцагдорж “Өнөөдөр салбарын сайд бидэнтэй ирж уулзаж байгаа явдалд талархаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалах багц хууль, болон Хилийн тухай шинээр гаргасан хуулиуд нь Монгол төрөөс Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хамгийн чухал зүйл гэж би боддог. Ингээд нийт зэвсэгт хүчнийхэндээ баярын мэнд хүргэе” гээд 1990 онд мөрдөс зүүсэн 26 хүн Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу үгүй юу. Энэ талд цаашид ямар бодлого авч хэрэгжүүлэх талаар тэрээр сайдаас асуув.
Уг асуултад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Бид Үндсэн хуулийн чадамжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Үндсэн хуульд зарим нэг өөрчлөлт оруулж анхаарах асуудал бий” хэмээгээд Батлан хамгаалах зэвсэгт хүчинд алба хааж байсан ахмад дайчид, офицеруудын мэргэжил чадамжийг эх орны бүтээн байгуулалтад цаашид бүрэн дүүрэн ашиглах ёстой гэдгийг онцолж байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.