Далайчны үр хойч дээдсийн нутагтаа хайртай охин

600 гаруй жилийн өмнө, Хятадын Мин улсын үеийн аялагч Жэн Хэ хөлөг онгоцоор Африкийн зүүн далайд хүрсэн бөгөөд тэдний багийн нэг далайчин тохиолдлоор тэнд үлдэж хоцорсон гэлцдэг. Жэн Хэ-гийн багийн далайчны хойчис гэгддэг Кени охин Мувамака Шарифу Хятадад ирээд 12 жил болж байгаа бөгөөд өдгөө анагаах ухааны докторантурт суралцаж байна. Дээдсийн нутагтаа хайртай энэ охин одоо шинэ эриний Хятад, Кенийн найрамдлын элч болоод байгаа юм.

Түүхэн сурвалжаас үзвэл, Жэн Хэ баруун далайд аялан, Мин улсын Юнлэгийн 13-р он буюу нийтийн тооллын 1415 онд өнөөгийн Зүүн Африкийн Энэтхэгийн далайн хөвөөн дэх Кени улсын Малинди, Монбаса нутагт очсон ба Малиндигаас зүүн хойд зүгт байрладаг Ламу олтриг тэдний заавал дайрч өнгөрөх зам байжээ. Сүүлийн жилүүдэд Жэн Хэ-гийн аялсан зам дагуу арал олтригоос хятад ваар шаазангийн хагархай хэлтэрхийг их хэмжээгээр илрүүлж олсон юм. Хууч ярианаас үзвэл, Жэн Хэ-гийн аяллын багийн зарим хөлөг онгоц Ламу олтригийн ойролцоо хад мөргөн живсэн ба эсэн мэнд гарсан далайчид Пате хэмээх жижиг арал дээр амьдарч байгаад хожим нь тэр нутгаас эхнэр авч, гэр бүл болон, удам угсаа залгаж иржээ. Харин Кени охин Мувамака Шарифу бол тэр үеийн Жэн Хэ-гийн багийн далайчны үр хойч гэгддэг.

Сэргэлэн цовоо энэ охин 2005 онд Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Наньжиний Анагаах ухааны их сургуульд ирж суралцсан бөгөөд өлзий хийморьтой байхыг бэлгэдсэн Шя Рүйфү гэсэн хятад нэртэй болжээ. Тэрээр Наньжиний Анагаах ухааны их сургуульд Хятад эмнэлгийн клиникийн ухааны бакалавр, Хятад, Европ анагаах ухааныг уялдуулсан хүүхдийн эмнэлгийн магистрын зэрэг хамгаалсан ба одоо Үхань хот дахь шинжлэх ухаан техникийн Хуажүн их сургуулийн Анагаах ухааны Түнжи дээд сургуульд эмэгтэйчүүдийн эмнэлгийн чиглэлээр докторантурт суралцаж байна.

Хятадаар ус цас шиг ярьдаг Шя Рүйфү Хятадад 10 гаруй жил амьдарч, суралцсандаа сэтгэл хангалуун байлаа.

“Наньжин бол миний хувьд 2 дахь эх орон минь юм шүү дээ. 2005 онд би 19 настайдаа энд ирээд 2 жил хятад хэл сурч, их сургуульд 5 жил, магистрт 3 жил суралцсан. Наньжин бол маш сайхан газар. Миний багш нар, сургууль их сайн. Би их юм сурсан. Зөвхөн анагаах ухаан биш нийгэм, соёлын олон зүйл сурлаа.”

“Хятад улс хаана байдаг, ямар газар гэдгийг мэдэхгүй хүн олон байсан. Миний үзсэн харсан зүйлээс, миний авсан зураг, танилцуулгаас маш олон хүн мэдээлэл авч, Хятадад ирж суралцах, бизнес хийхийг хүсэгчид олширсон.”

Энэ оны 2-3-р сард Шя Рүйфү Кенид очиж төслийн судалгаа хийх явцдаа Хятадын ШУА-аас Африкт туслах төслийн анагаахын мэргэжилтнүүдтэй харилцаж зөвлөгөө авсан бөгөөд Кени дэх Хятадын харьяат нартай хамт Африкийн хамгийн ядуу газар болох Найробийн Кибера-д очиж буяны хандив өргөжээ. Тэр Хятадад олон жил суралцсан анагаах ухааны эрдэмтний хувьд Кени улс Хятад улстай эм эмчилгээний хамтын ажиллагаа өрнүүлэх нь маш чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа гэнэ.

Шя Рүйфү: “Кенийн зарим нутаг хөгжлөөр тааруу, эмч цөөн, эмчилгээний төхөөрөмж ховор болохоор Хятад улсаас зарим төсөл хэрэгжүүлэн, эмч илгээж, орон нутгийн эмч нарыг сургалтад хамруулбал бидэнд маш их өгөөжтэй байх болно” гэжээ.

Тэрээр: “Би эрдмийн зэрэг цолоо хамгаалаад эх орондоо очиж ажиллана. Намайг хөл дээр маань босгосон Хятад улсын ач тусыг хэзээ ч мартахгүй. Би Хятад, Кенийн найрамдлын элч хэвээр байх болно” хэмээн ярьж байлаа.

ХОУР

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …