Дархан-Уул аймгийн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч П.Эрдэнэбилэгийг намын дүрэм, сахилгыг зөрчсөн гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.
Нэр дэвшигч П.Эрдэнэбилэг нь намын дүрэмд заасны дагуу сонгуульд нэр дэвших баримтаа бүрдүүлж, улмаар Намын дотоод сонгуулийн хорооноос өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар очиход нь нэр дэвшигчийн жагсаалтад нэр нь бүртгэгдээгүй байна гэсэн аж.
Энэ талаар АН-ын гишүүн П.Эрдэнэбилэг “Намын даргын сонгуульд би бүх баримтаа бүрдүүлсэн байтал 2016 оны аравдугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр намайг сахилга, хариуцлага зөрчсөн гэж үзэн намын үйл ажиллагаанд дөрвөн жил хүртэл хугацаагаар оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байсан. Уг нь хариуцлага хүлээлгэж байгаа хуралд би оролцох ёстой. Гэтэл намайг оролцуулалгүй, гишүүдэд ч мэдэгдэлгүй ийм шийдвэр гаргасан байна. Энэ бол захиалгатай үйлдэл” гэв.
Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд намынхаа удирдлагуудад энэ талаар мэдэгдсэн бөгөөд нааштай хариу гаргахгүй бол дараа, дараагийн алхамд шилжинэ гэдгээ мэдэгдсэн байна.