Нийтлэл: Монгол Монголдоо дургүй

431996_244772355606299_1488271089_nМод ярандаа дургүй гэсэн хэлц үг байдаг. Мод ч яахав, ярандаа дургүй байж болох. 
Монгол хүмүүс яагаад бие биендээ дургүй байдаг юм бэ? Сүүлийн үед Монголынхоо нэрийг гадаадад гаргасан 3 кино найруулагч байдаг. “Ингэн нулимс” киног хийж Оскарт хүртэл нэр дэвшсэн Бямбасүрэн өнөөдөр Герман улсад амьдарч байна. Арга ч үгүй биз. Хэрвээ Монголдоо байсан бол “Ингэн нулимс” биш “Бямбагийн нулимс” болох байлаа. 90-ээд оны сүүлээр Мөнхбаяр гэж буудлагын спортын тамирчин бүсгүй дэлхийн тавцанд гарч ирж Монголын тугийг дэлхийд өргөж явлаа. Тэр үед түүнийг дахин олон улсын тэмцээнд оруулах зардал мөнгө, бэлтгэл хийлгэх бууных нь сумыг хүртэл худалдаж авч өгөх мөнгө байхгүй байснаас болж тэрээр дэлхийн тавцанд Монголын биш Германы тугийг өргөх эсэх шийдвэрт хүрч эцэст нь Германыг сонгож иргэн нь болсон. Өнгөрсөн Олимпод Герман улсын нэрийн өмнөөс орж хуучин анд Гүндэгмаатайгаа өрсөлдөж байсныг бид харсан. Ер нь Монголын нэрийг дэлхийд гаргасан улс нэг л өөдөлдөггүй.
Монгол монголдоо дургүйгийн үлгэр энэ.
Гадаадад Монголын тугийг өргөсөн хүмүүсийн цаана ихэнхдээ гадаадынхан байдаг нь нэн сонин. Асашёрюү Дагвадорж байна. Дэлхийн одуудын од. Ард нь Япончууд байсан. Хэрвээ тэр Монголдоо байсан бол хайрт нам засгийнхаа буянаар ”хар гэрт” сууж байж ч мэдэх. Бид хоёр сая долоон зуухан хүнтэй атлаа шинэ төрөх эмнэлэг барих гэхээр мөнгө олддоггүй хирнээ харин шинэ шорон барих болохоор мөнгө нь өөрөө олдож Улаанбаатар хотынхоо баруун урд үүдэнд нүсэр том шорон сүндэрлүүлчихдэг хачин улс.
Ухаад бодвол Монгол монголдоо дургүйгийн тод жишээ.
Хүн бүр кино үзэх дуртай. Сайн кинонуудаа эргээд бодъё. Зууны манлай “Цогт тайж” кино байна. Зөвлөлт холбоот улсын хөрөнгө хүчээр бүр дайны үед буюу 1945 онд хийгдсэн . “Алтан өргөө” байна. Герман улсын тусламжтай бүтсэн. “Төгсгөл”, “Дайсны цэргүүд сонсоцгоо” яалт ч үгүй сайн кинонууд. Яахын аргагүй Оросуудын хүчээр бүтсэн . Түүхэн киноны оргил “Мандухай сэцэн хатан” японы хөрөнгөөр, “Ингэн нулимс” германы хөрөнгөөр, “Нохой орон” бельгүүдийн хөрөнгөөр… Сүүлийн хоёр киног хийсэн хоёр хүний нэг нь Германд сайн нэртэй, нөгөө нь Монголд муу нэртэй аж төрж явна. Спортын тухай дээр би дурьдсан. Боксын дэлхийн аварга Лхагва мөн л Солонгосуудын хүчээр гарч ирсэн. Цэвээнпүрэв англичуудын хүчээр монголын тугийг өргөж явна.
Сүүлийн үед Майкрософтод монгол залуус ажиллаж байна гэж ярих боллоо. Тэд нар бор зүрхээрээ л тэнд очсоноос биш японы Мэйжийн үе шиг төр засаг тэднийг явуулаагүй нь ойлгомжтой. Еврейчүүд 1945 он хүртэл эх оронгүй энэ дэлхийгээр тэнүүчилж байлаа. Ямар сайндаа л “нэг еврей нөгөө еврейдээ эх орон” болж явахав дээ. Тэгвэл “нэг монгол нөгөө монголдоо дайсан” болсоор л явна. “Анод” гэх хувийн банк байлаа. Түүнийг үүсгэн байгуулсан эзэд нь өнөөдөр бас л шоронд сууж байна. Уг нь тэр банк Олон овоот гэх алтны уурхайг гадаадын биш дотоодын хөрөнгөөр босгох гэж лицензийг нь барьцаалаад хөрөнгө оруулсан байдаг. Банкны хуулийг зөрчиж их хэмжээний зээл олгосон ч гэсэн монгол хүн монголынхоо баялгийг эзэмших ганцхан зорилготой байжээ. Гэтэл эцэстээ шоронгийн хадаас болж төгсөв. Энэ бас л монгол монголдоо дургүйн том үлгэр жишээ. Ийм үлгэрийг хэдэн хуудас ч жагсаан бичсэн болно. Монголчууд бид 200 гаруй жил Манжийн дарлалд, 100 орчим жил Оросын нөлөөнд явж ирсэн болохоор өөрсдийгөө дорд үздэг ч юм уу? Эсвэл гадаад л хүн бол монголоос илүү гэж итгэдэг ч юм уу? Саяхан л орос ах бол хамгийн мундаг, дүү монгол бол яагаад ч оросыг гүйцэхгүй гэж бат итгэж явсан улс. Харин одоо бол Америк бол хүн, чукча бид бол хүний хагас гэж бодож явна. Дээр өгүүлсэн Монголын нэрийг гадаадад гаргаж яваа кино найруулагчдын нэг С.Бямба гэдэг залуу “Хүсэл шунал” нэртэй нэг баримтат кино хийж гадаадын хэд хэдэн кино наадмаас яг өдийд шагнал хүртэж явна. Түүний кинонд нэрт найруулагч Д.Жигжид түүний хүү Ж.Биндэр нарын тухай өгүүлдэг.Д.Жигжид найруулагчын үед кино хийх шаардлагатай мөнгийг улсаас өгдөг байж тэгээд ч тэрээр олон арван сайхан кино хийсэн. Жигжид гуайн үед мөнгө төгрөг бүх юм байсан боловч эрх чөлөө байгаагүй болохоор тэрээр үзэл суртлын кинонууд хийдэг байлаа. Гэтэл хүүгийнх нь үед эрх чөлөө хангалттай байгаа ч кино хийх мөнгө олдохоо больсон талаар тэр кинонд өгүүлдэг. Манайд хүн бүр кино үзэх дуртай ч кино урлагийг дэмжих сан гэж байдаггүй. Оросын кино урлагыг дэмжих сангийн хөрөнгөөр бүтсэн “ Брестын цайз” киног ялалтын баярын үеэр бишрэн үзсэн. Бор зүрхээрээ мөнгө олж бор зүрхээрээ кино хийх гэж зовж яваа монгол кино найруулагчын тухай Сервантесын “Дон Кихот”-ыг санагдуулам “Хүсэл шунал” нэртэй дээрхи кино монголын тугийг гадаадын кино наадмуудад цаашид ч мандуулна гэж би итгэж байна. Харин нэг монгол нөгөө монголдоо “дайсан” гэсэн сэтгэлээр битгий түүнд хандаасай.
Ноён хутагт Данзанравжаа Монгол хүний тухай “Саваагүй нялх хүүхэд самуун үгт гайхал хоёрын яриа” зохиолдоо эрт цагт ингэж өгүүлсэн байдаг:
“ Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй
Омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй тул тэрсэлдэн дайтахыг хичээнэ…
Эв нь өндөг мэт хэврэг
Хэрүүлч нь цаасан буу мэт яйралдах
Хяналгүй нь суман могой харвах мэт
Аргадвал тэр даруй нялхас мэт баярлах
Харамлах цагт нэг цэнг ч хичээн боож хадгалдах
Алдахдаа дээрэмд дайрагдсан мэт алдаад
Гайгүй хямд маймаа болов хэмээн чалчилцах
Аашлах нь олон зантай албин мэт
Анхандаа бэрээ мэт цохилох
Завсартаа тугалган жад мэт шантрах
Гуйрамч болбол дайсны боолд зарагдах
Баяжих цагтаа лам бурханд ч бардамнах
Өтлөхийг мэдэхгүй наслаад, өнгөрсөн насандаа гомдох
Үхэхийг мэдэхгүй яваад егүүтэх цагтаа балрах
Хуралд дуртай нь цөөн, хулгайд дуртай нь олон
Гаслах нь тэмээ буйлах мэт үргэлж
Дарвихдаа дарь хүхэр мэт авалцах
Буцан тусах нь олон ,бяраа мэдэхгүй хаан шиг загнах
Үг асуувал инээсэн хүн ус үмхсэн мэт асгах
Санаа нь юм бүрийг чадах
Явдал нь хаврын өдрийг ч гүйцэхгүй
Үнэмших нь үнэгэнд ч хууртагдах
Гэнэдэхдээ бааст гараар хэрэм цохиод үмхэхийн үлгэр болох гэжээ.
Ийм зан бидэнд эрт цагаас л байж. Тамын тогооны үлгэр яриад суудаг нь бас ч гэж муугаа мэддэг болоод тэр аж . Муугаа мэднэ гэдэг сайжрахын эхний алхам гэдэг. Уг нь бид Ш.Гүрбазарын шүлгэлсэн шиг “ Морьд эргэсэн наадмын тосоор дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог “ хэмээн бардамнахаасаа өмнө” Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болох юмсан.”
Харин бид өнөөдөр юугаар гоёдог билээ. Унасан унаагаараа, утасныхаа дугаараар л гоёдог юм биш үү. “ 9911 тэй утасны дугаар 8.5 саяаар шууд авна. Машин оролцуулсан ч болно “ гэсэн зар зурагтаар гарч байна.

Кино зохиолч, сэтгүүлч   Д.Төрмөнх
2012-10-22
Кино зохиолын цоморлиг номонд орсон нийтлэл

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …