/УИХ-ын гишүүн асан/
-УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын дотоод сонгуультай холбоотой асуудалд нэлээд хатуу байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байгаа билээ. Хамгийн гол нь сонгууль явуулах нэрийдлээр мөнгө хурааж байгаа нь түүнийг ийн эсэргүүцэхэд хүргэж байгаа ажээ. Тэрбээр “АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд, дотоод сонгуульд нэр дэвшээгүй. Хураамж, дэнчингийн мөнгө зөвхөн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулагдах ёстой.
Гэтэл тийм өндөр дүнтэй хураамж авч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь ийм өндөр дүнтэй хураамж авч байгаагүй учраас үүнийг илүү их эсэргүүцэж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Гэхдээ хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй. Манай нам улс төрийн үйл ажиллагаагаа зохион байгуулах хангалттай чадварлаг гишүүдтэй, татвар төлөгч гишүүдтэй.
Гэтэл өнөөдөр татвар төлөгч нарынхаа төлдөг татварыг хэд дахин нэмсэнд би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндэсний бодлогын хороонд нэр дэвшээгүй бас нэгэн шалтгаан надад бий. Яг ийм тохиолдолд яах ёстой, улс төрийн намууд ямар шийдвэр гаргаж байсан жишгийг мэдэхгүй байна. Манай нам бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, дүрэмтэй. Гэтэл шинэ дүрмээр байгуулагдах институци байгуулах гэж байгаа нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Хамаг мөнгөө төлөөд энэ сонгуульд оролцлоо гэхэд сонгуулийн үр дүн эрх зүйн чадамжтай болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Энэ эргэлзээг намын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзсан заалтуудыг өөрчлөх, намын дотоод асуудлаа хурдан цэгцлэх ёстой. Дөрөвдүгээр сарын 2-оос өмнө энэ эргэлзээг арилгаж, тодорхой ажлуудаа яаравчлах шаардлагатай” хэмээн ярьжээ.