ДЦС-5-ын барилга угсралтын явцад 4000-5000 иргэн ажилтай болно

Шинэчлэлийн Засгийн газраас ДЦС-5-ын гүйцэтгэгч түншлэлийг эцсийн байдлаар сонгон шалгаруулж, улмаар Концессийн гэрээ байгуулах санамж бичигт төслийн гүйцэтгэгч “Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс” корпораци, “Ньюком” ХХК-ийн хамтарсан түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр хоёр компанийн хамтарсан түншлэл ДЦС-5-ыг барьж, байгуулахаар боллоо. ДЦС-5 төслийн нийт санхүүжилт нь төлөвлөгөөний дагуу 950 сая ам.доллар болж буй. Энэхүү санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч компани олон улсын банкуудаас зээл авч хийх бөгөөд ингэснээр Монгол Улсын төсөвт ямар нэгэн дарамт үүсэхгүй юм байна. Түүнчлэн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас ч бас уг төслийг дэмжиж, санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Тухайлбал, Азийн Хөгжлийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк, Солонгосын Экспорт-Импортын Банк, Солонгосын Хөгжлийн Банк зэргийг дурьдаж болох юм. Төслийн 25 жилийн хугацаанд уг түншлэл бүхий л засвар үйлчилгээ, дагалдах үйлчилгээнүүдийг цаг тухайд нь хийх үүргийг мөн хүлээлээ. Мөн “BOT буюу Build Operate Transfer” журмаар хэрэгжиж байгаа төсөл учраас ашиглалтын явцад Монголын олон тооны инженер текникийн ажилтныг бэлтгэж, эрчим хүчний боловсон хүчний ихээхэн нөөцтэй болох нь. Ингэснээр цаашид монголчууд өөрсдөө станц барих туршлагатай болно. Төсөл хэрэгжсэнээр манай улсын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шууд хийж, улсад 356 сая долларын татвар төлнө. Барилга угсралтын явцад 4000-5000 монгол ажилчин ажиллаж, ашиглалтын үедээ Монголын 300 гаруй инженер текникч ажиллах юм.

Монголын талын гэрээлэгч, нийлүүлэгчээс 340 сая ам.долларын ажил барааг гүйцэтгэлээр худалдан авахаар төлөвлөж байна. Мөн Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас 25 жилийн туршид хоёр тэрбум ам.долларын нүүрс худалдан авна. Ингэснээр энэ хоёр уурхай 25 жилийн баталгаатай худалдан авагчтай болж байна.

эх сурвалж: ийгл.мн

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …