Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогоос ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлууд болон хаваржилтын нөхцөл байдлыг тодрууллаа.
-Хаваржилт сайхан уу. Хаваржилт хүндэрч болзошгүй гэсэн анхаарал татаж байгаа сум байна уу?
-Энэ жилийн хувьд манай аймаг өнтэй сайхан өвөлжсөн. Цас зуд багатай, агаарын температур хасах 8-10 хэм орчимтой өвөлжлөө. Баруун гурван сум бага зэрэг цас зудтай, Засгийн газар, Улсын онцгой комиссоос хэд хэдэн удаагийн арга хэмжээ авсан. Өнгөрсөн жилтэй харьцуулвал энэ жил малын хорогдол нэг дахин буюу 4700 орчмоор буурлаа. Хаваржилт хэвийн сайхан байна. Мал төллөж байгаа энэ үед усны хэрэгцээ их байдаг. Цас багатай газар нутаг зонхилж байлаа. Гэтэл энэ сарын 22-23-ны өдөр нийт сумын нутгаар үргэлжилсэн нойтон цас орлоо. Үүнийг бид цаг сайхан дэлгэрэх, зуншлага сайхан болох нь хэмээн билгэшээж байна.
-Энэ жил танай аймаг хичнээн төл хүлээн авах вэ?
-Манай аймаг 17 сумтай, 85 мянга гаруй хүн амтай, 3,2 сая толгой малтай. Бод мал төллөж эхэлсэн. Бог малыг оройтуулж төллөхөөр зохицуулсан. Учир нь мялзан өвчин гарсан учраас гуравдугаар сарын 25-наас хойш дөрөвдүгээр сарын эхээр төллөж эхэлнэ. Тэгэхээр хүндрэл их гарахгүй.
-Сүүлийн хоёр өдөр багагүй цас орсон байхыг замд харлаа. Хаваржилтад хэр нөлөөлөх бол?
-Агаарын температур нэмэх рүү орсон байгаа учраас хоёр хоногтоо хайлчих байх. Харин баруун гурван суманд шар усны үер болох магадлалтай. Энэ тал дээр онцгойнхонтой хамтарч ажиллана.
-Баруун бүс малын халдварт өвчингүй бүс гэж өмнө нь зарлаж байсан. Гэтэл мялзан гарлаа. Өвчлөл нэмж гарахгүйн тулд хэрхэн анхаарч байна вэ?
-Баруун бүсийг малын ямар нэг халдварт өвчингүй хэмээн зарласан байсан. Харамсалтай нь өнгөрөгч 8 дугаар сард уг өвчин оношлогдсон тул хоёр сар хэртэй ажилласнаар голомтыг дарсан. Голомтыг дарсан гэж үзэж байгаа ч амьтдад халдварласан. Халдвар авсан 4000 бөхөн хорогдсон. Бусад ан амьтанд ямар нэг халдварласан гэмээр сэжиг байхгүй байна.
-Эрчим хүчний хэрэглээгээ танай аймаг хэрхэн хангаж байна вэ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын томоохон төсөл яаж хэрэгжихээр байна вэ?
-Манай аймаг эрчим хүчний ихэнхийг ОХУ-аас авдаг. Дотоодын эх үүсвэр гэвэл Дөргөний УЦС хоногт 7 мегаваттыг үйлдвэрлэдэг. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барихаар олон жил ярьсан. Энэхүү бүтээн байгуулалтыг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төслийг маш сайн хийсэн. 260 гаруй сая ам.долларын төсөвт өртөгтэй, 64 мегаваттын УЦС нь Эрдэнэбүрэн сумын нутагт баригдахад бэлэн болоод байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг станцыг барих бүрэн бололцоотой гэдгийг өчигдөр манай аймагт ажиллах үеэрээ илэрхийлсэн.
-Баруун 5 аймагт зам гүүр ихээхэн чухал асуудал. Шинээр тавих болон засварлах шаардлагатай гүүр хэд байна вэ?
-Баруун бүсийн зам бол Баянхонгороос Говь-Алтай аймгийн Дэлгэрийн чиглэлд 260 км зам дутуу байгаа. Энэ замыг барих чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Улаанбаатар хотоос баруун аймгуудтай бүрэн холбогдох боломжтой болж байна. Ховд аймаг Баян-Өлгийн хооронд 163 км замыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй гээр барьж байна. Энэ зам ирэх оны эхний улиралд дуусна. Замаа дагаад гүүрийн асуудал шийдэгдээд явж байна.
-Ерөнхий сайд өчигдөр танай аймагт ажиллахдаа эрүүл мэндийн салбарын ажилтай танилцлаа. Ер нь эх хүүхдийн эндэгдэл хэр байна вэ. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Өнгөрсөн жил эх хүүхдийн эндэгдэл гарсан аймгийн тоонд манайх орсон. Энэ жилийн хувьд харьцангуй гайгүй байна. Ажлаа аваад энэ тал дээр онцгой анхаарч ажиллаарай гэсэн үүрэг даалгавар өгсөн.
-Ирэх 4 жилд танай аймагт томоохон ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Эрдэнэбүрэнгийн УЦС, үүнтэй уялдаж барих цементийн үйлдвэр, мөн өөрсдийн санаачилгаар Ерөнхий сайдад танилцуулж буй кокс, эрчим хүч, гангийн үйлдвэр гэсэн аж үйлдвэрийн паркийг БНХАУ-ын хөрөнгө оруулагч компанитай хамтран байгуулья гэж байгаа. Түүнээс гадна махны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Давхар мал эрүүлжүүлэх асуудлыг зохион байгуулна. Тоймтой гэвэл эдгээр ажлуудыг нэрлэх байна.
-Орон нутагт арьс ширний үнэ өсч байна уу. Одоогоор үнэ ханш нь ямар байна вэ. Арьс шир боловсруулах цех байгуулж байна уу?
-Арьс шир боловсруулахад маш их хэмжээний бодис хэрэглэдэг юм байна. Тиймээс байгаль орчинд нөлөөлөх талаасаа тааруухан үр дагавартай гэж үзсэн. Үүний оронд ноос ноолуур угаах үйлдвэр байгуулахаар ярилцаж байна. Арьс ширийг түүхийгээр нь хилээр гаргадаг болсноос хойш бага зэрэг үнэ өслөө. Ямааны арьс ноолууртайгаа 12 мянга, үхрийн шир 18 мянга, адууных 22-23 мянга төгрөгт хүрч байна.
-Энэ жил танай аймаг ямар зорилт дэвшүүлээд байна вэ?
-Эдийн засаг хомсдолтой үед дотоодын нөөц бололцоогоо ашиглахад анхаарч ажиллаж байна. Одоогоор бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж дуусгах, ирэх жилээс барилгажуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ховд аймаг Б.Туул