МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болоод салбарын дэд сайдууд өнөөдөр /2017.3.24/ Говьсүмбэр аймагт ажиллаж, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай танилцан, аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулав.
Шивээ-Овоогийн уурхай 2002 оноос хойш 11 жил алдагдалтай ажиллаж ирсэн хэдий ч 2016 онд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан талаар уурхайн удирдлагууд хэлж байсан бөгөөд энэ онд багтаан техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг салбарын дэд сайд Т.Гантулгад дуулгаж байлаа.
Харин аймгийн иргэд Уул уурхайн салбарт баримтлах бодлого, ОУВС-аас авах хөтөлбөр, Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх болсонтой холбоотой олон асуултыг албаныхнаас асууж байв.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэдгээ илэрхийлээд “Хямрал, өрийн энэ ангалаас өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй. Энэ боломж нь юуны түрүүнд ОУВС өөрийнхөө хөтөлбөрөөр Монголд хөрөнгө оруулагчдад баталгаа өгч байгаагаар эхний үр дүнгүүд харагдана. Түүнчлэн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхээр бол жил бүр тэтгэврийн насыг 0.5 насаар нэмэгдүүлж явах юм. Ингэснээс 2026 он гэхэд эрэгтэй хүн 65, 2036 онд эмэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг байхаар зохицуулах юм. Монгол хүний дундаж наслалт 2036 он гэхэд 75 болохоор харагдаж байгаа” хэмээсэн юм.
Мөн иргэд Говьсүмбэр аймгаас сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэг болоод салбарын дэд сайдуудаас аймгийн брэнд болсон кракул үүлдрийн хонины удмын санг хамгаалах, цэвэрлэх байгууламж барих, нүүрсний чанарыг сайжруулж, үнийг хөнгөлөх тал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн.
Энэхүү хүсэлтэд Г.Мөнхцэцэг гишүүн “Кракул үүлдрийн хонины удмын санг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна. Мөн Чойр хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд цэвэрлэх байгууламж барихаар болсон” тухай хэлсэн.
Нүүрсний чанарын тухайд дэд сайд Т.Гантулга “биологийн шинж чанараас нь шалтгаалаад асуудал үүсдэг ч шийдэх боломжтой. Үнийн хөнгөлөлтийг хууль баталж байж шийддэг” хэмээн тайлбарласан юм.
Түүнчлэн иргэдийн “Шивээ-Овоо” ХХК-ийн ажилчид “Уурхайн ажилчдын орон сууцаа хувьчилж авч болох уу” хэмээх асуултад “Үүнд болохгүй гэх зүйл байхгүй. Тиймээс уурхайн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэж өгөх тал дээр хамтарч ажиллая” хэмээсэн.
Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, Дорноговь аймаг уу хөдөлсөн юм.