Японы эмч нарын үзэж байгаагаар шөнө босч, олон удаа бие засдаг хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа давсныхаа хэмжээг багасгах нь зүйтэй гэнэ.
Шөнийн цагаар олон удаа бие засах буюу ноктуриагаар ихэвчлэн 60-аас дээш насныхан шаналдаг ба энэ нь нойрыг тасалдуулж, хүмүүсийн амьдралд ноцтой нөлөө үзүүлдэг байна.
Япон эмч нарын судалгаанд 300 гаруй хүн сайн дураараа оролцсон ба давсны хэрэглээг багасгаснаар хүмүүс шөнө босч бие засах нь цөөрсөн болохыг олж тогтоожээ.
Нагасаки их сургуулийн судлаачид энэхүү судалгааныхаа үр дүнг Лондон хотод болсон Европын Урологийн нийгэмлэгийн хурал дээр танилцуулсан байна.
Тэд хоол хүнсэндээ давс их хэмжээгээр хэрэглэдэг, нойрны асуудалтай өвчтнүүдийг гурван сарын турш ажигласан ба гурван сарын дараа өвчтнүүдийг давсны хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ. Үүний дараа эдгээр өвчтнүүд шөнө дунджаар хоёр удаа босч бие засдаг байсан нь нэг болтлоо буурчээ. Шөнийн цагаар бие засах нь багасахаас гадна өдрийн цагаар ч бие засах нь цөөрч, амьдралын чанар нь хүртэл дээшилсэн аж.
Нөгөө талаар судалгаанд оролцсон 98 хүн давсны хэрэглээгээ нэмэгдүүлснээр тэд шөнө олон босч бие засахад хүргэсэн гэдгийг олж тогтоосон байна.
Судалгааг санаачилсан Мацүо Томохиро эмчийн хэлснээр судалгааны үр дүнд давсны хэрэглээ болон шөнө бие засах хоёрын хооронд холбоо байгааг олж тогтоосон гэнэ. “Энэхүү судалгаагаар хоол хүнсэндээ энгийн нэг өөрчлөлт хийх нь хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд ямар их ач холбогдолтойг харуулж байна.” хэмээн ярьжээ.
Бристолын их сургуулийн профессор, ноктуриагаар мэргэшсэн Маркус Дрейкийн хэлж байгаагаар давсны хэмжээ нь ноктуриагийн гол шалтгаан биш гэнэ. Түүний хэлж байгаагаар эмч нар ихэвчлэн өвчтөн унтахынхаа өмнө хэр их шингэн зүйл уусан болохыг мөн давсаг болон түрүү булчирхайн эмгэгүүдийг голчлон авч үздэг гэнэ.
Шөнө босч, бие засах зовиур нь 50-иас дээш насны хүмүүсийн талаас илүү хувьд тохиолддог. Тэд шөнө хамгийн багадаа л хоёр удаа босч бие засдаг байна.
Шөнө хоёр буюу түүнээс дээш удаа бие засах нь нойронд таагүй нөлөөлж, цаашлаад стресс, ядаргаа болон уур бухимдал үүсгэдэг аж.
Нас ахих тусам биед гарах дааврын өөрчлөлт ч мөн шөнө бие засахад хүргэдэг гэнэ.
Эрэгтэйчүүдийн түрүү булчирхай нас ахих тусам томордог ба ингэснээрээ шээсний сувгийг дарж, олон дахин бие засахад хүргэдэг аж.
Түүнчлэн шөнө олон удаа бие засах нь чихрийн шижин, зүрх судасны болон нойртой холбоотой эмгэгүүдийн шинж тэмдгийн нэг гэж үздэг гэнэ.
Их Британид насанд хүрэгчдийг өдөрт 6 граммаас ихгүй давс хэрэглэхийг зөвлөдөг. 1-3 насны хүүхдүүд 2 граммаас, 7-10 настай хүүхдүүдэд 5 граммаас ихийг хэрэглэхгүй байхыг зөвлөдөг байна. Харин 11 наснаас эхлэн 6 грамм хүртэл давс хэрэглэж болох аж.
Талх, сүүнд дэвтээж иддэг өглөөний унданд таны төсөөлж байснаас ч их хэмжээний давс агуулагддаг ба түүнчлэн гахайн утсан мах, бяслаг, чипс, паста соус зэрэгт маш их хэмжээний давс ордог гэнэ.
Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа найрлагыг сайтар унших хэрэгтэй. Тодруулбал 100 гр бүтээгдэхүүнд хэдэн гр давс агуулагддаг болохыг хараарай. 100 грамм бүтээгдэхүүнд давс 1.5 граммаас их байвал давс их хэмжээгэр агуулсан бүтээгдэхүүн гэж үзэх ба тус бүтээгдэхүүнд хавдар үүсгэх бодис орсон байх магадлал өндөр байдаг аж.